Дэлхийн стандартыг дэргэдээсээ мэдрээрэй

Хуучирсан мэдээ: 2014.11.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн стандартыг дэргэдээсээ мэдрээрэй

“Мөнгөн гүүр” эмнэлэг дүрс оношилгооны төвийнхөө нээлтийг долоо хоногийн өмнө хийсэн ч үйлчлүүлэгчид тасрахаа байжээ. Хүлээн авах, угтах үйлчилгээнээсээ эхлээд эднийх хүний төлөө гэсэн сэтгэлд нийцтэй, дотно дулаан уур амьсгал, тохилог орчныг бүрдүүлж чадсан байна. “Мөнгөн гүүр”-ийнхэн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг Тайванийн стандарт, менежментийг нэвтрүүлж байгаа нь энэ ажээ. Тиймээс дэлхийн эмнэлгийн шилдэг стандартыг дэргэдээсээ мэдрэх боломж монголчуудад нээгдэж байгаа нь энэ. Тав тухгүй хүйтэн харанхуй хонгил, бухимдал үүсгэсэн урт дараалал, эмч нарын хүнд суртал, хөндий хямсгар харьцаа гээд эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тойрсон хар бараан төсөөлөл, ойлголтоо та “Мөнгөн гүүр”-ийн үүдэн дээр ирээд л гээх болно.

Өвдөж зовсон хүн хамгийн түрүүнд сэтгэл зүйн хүнд дарамтад ордог. Айдас түгшүүрт автана. Ийм нөхцөлд эмч  нараас, эмнэлгээс тусламж эрэн, найдвар итгэлийн гэгээ хайж ирдэг. Гэтэл өөдөөс нь тав тухгүй, бухимдал чирэгдэлтэй таагүй орчин угтахад тухайн иргэнд ямар хүндээр тусах билээ. “Мөнгөн гүүр” эмнэлгийнхэн энэ байдлыг өөрчлөхийг зорьжээ. Угтах үйлчилгээний ажилтнууд ирсэн хүмүүст бүх талын мэдээлэл өгч, эмнэлгийнхээ үйл ажиллагаа болон үйлчилгээний талаар танилцуулна. Улмаар тухайн хүнд ямар үйлчилгээ хэрэгтэйг сонссоны дараа ямар дарааллаар хаана хэн гэдэг эмч дээр очих, ямар шинжилгээ өгөх, өөрийн зүгээс юу бэлтгэх шаардлагатай гэх мэт зүйлсийг өөриймсгөөр хэлж өгдөг юм байна.

Ер нь тус эмнэлгийн эмч бүхэн дор дороо угтах үйлчилгээг үзүүлдэг гэж болно. Ирсэн үйлчлүүлэгчээ найрсагаар угтан авч харилцан ярилцаж, санал солилцон, зөвлөгөө өгнө. Дараа нь шаардлагатай оношилгоо, эмчилгээг хийнэ. Ингэхдээ өвчтөнд бүх онош, шинж  тэмдгүүдийг маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгдөг байна. Түүнээс биш томографийн зураг, шинжилгээний чинь хариу энэ гээд энгийн хүн ойлгохгүй цаас өгөөд явуулчихгүй. Шинжилгээ, оношилгооны хариу ямар гарсан, түүнд үндэслээд ямар эмчилгээ хийлгэх талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг нь эдний эмнэлгийн нэг онцлог. Ингэж оношлогооны хариуг уншиж тайлбарлаж, зөвлөгөө өгөх зориулалтын өрөөтэй. Энэ бол үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа өгдөг, сэтгэл зүйн хувьд эдгэрнэ гэдэгтээ итгэх, өөдрөг болох нөлөөтэй чухал зүйл ажээ. Өндөр хүчин чадалтай аппаратаар оношлуулчихлаа гээд утга учрыг нь мэдэхгүй зураг, цаас бариад өнөөхийгөө эмч нараар уншуулж тайлуулах гэж цаг заваа бардаг нь манайд хэвийн үзэгдэл. Олны хошуурдаг гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгүүд шинжилгээний хариуг нь хэвлэж өгөөд л тухайн өвчтөнийг “Баяртай” гэдэг. Тэгвэл “Мөнгөн гүүр”-ийнхэн тэгдэггүй. Энэ бол өнөөх Тайваны менежмент.

Энэхүү соронзон үелзүүрт томографийг Монголд анх оруулж иржээ

Хүнд хуучны хар зураг шиг зүйл хэвлэж өгчихөөд өндөр үнэтэй шинжилгээ, оношилгоо хийж өглөө гэх нь угаасаа учир дутагдалтай. Аппарат, тоног  төхөөрөмж хэчнээн сайн байлаа гээд түүний эцсийн үр дүнг үйлчлүүлэгч нь тодорхой мэдэж ойлгохгүй байна гэдэг өрөөсгөл юм. “Мөнгөн гүүр” эмнэлгийн захирал Ууганбаярын хэлснээр энэ бол манай эрүүл мэндийн салбарынхны нэг дутагдалтай тал яах аргагүй мөн.  

 

Эмч хүний зэвсэг сайн байх ёстой

Их эмч Ч.Амарзаяа "Fibroscan" аппаратыг ажиллуулахын тулд тусгай сургалтад хамрагджээ.

“Мөнгөн гүүр”-ийг эрүүл мэндийн гүүр болгохын төлөө жил гаруйн өмнөөс зориглон зүтгэсэн хамт олныхоо тухай, дөнгөж нээлтээ хийгээд байгаа дүрс оношилгооны төвийнхөө талаар Ууганбаяр захирал сэтгэл дүүрэн өгүүлж байлаа.

Энэ бол элэгний эмч нарын мөрөөдөл болсон аппарат

Орчин үеийн өндөр хүчин чадалтай компьютер томографи болон соронзон үелзэлт томографи, ангиографи, дижитал рентген, элэгний хатуурал болон өөхжилтийн зэргийг тогтоож оношлох “Fibroscan” аппарат гээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн тоног төхөөрөмжүүд хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай, нарийн үзүүлэлттэй гэдгээрээ онцлог.  

Тус эмнэлгийн дүрс оношилгооны төвийн нээлтийн үеэр олны танил нэгэн алдартай эмч дээр өгүүлсэн тоног төхөөрөмжүүдтэй танилцаад “Үнэхээр гайхамшигтай аппаратууд байна. Би хоёр өдөр танай эмнэлэгт ямар ч цалин хөлс гэлгүй ажиллаж энэ аппаратуудаар чинь оношилгоо хийе” гэсэн гэнэ. Эмч хүний мэргэжлийн хорхой нь хөдөлсөн хэрэг л дээ. Үнэхээр хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай, нарийн мэргэжлийн оношилгооны аппарат, тоног төхөөрөмжийг ажиллуулж үзэхсэн гэж ямар ч эмч хүсэлгүй яах вэ. Эмч хүн “зэвсэг” сайтай байж л өвчнийг ялна.

 

Элэгний эмч нарын мөрөөдөл биелэв

“Мөнгөн гүүр” эмнэлгийн дүрс оношилгооны төвийн тоног төхөөрөмж, аппаратууд хамгийн сүүлийн үеийнх гэдгийг дээр хэлсэн. Түүнчлэн Монголд анх оруулж ирсэн шинэлэг бөгөөд өндөр хүчин чадалтай, нарийн оношилгооны аппарат тус эмнэлэгт хэд хэд бий. Тухайлбал, зөвхөн Францад л захиалгаар үйлдвэрлэдэг “Fibroscan-502” маркийн аппаратыг эднийх анх оруулж ирээд байгаа юм. Манай эмнэлгүүдэд элэгний хатуурлыг оношилдог аппаратууд бол бий. “Fibroscan-502” аппаратын тэдгээрээс ялгарах онцлог, давуу тал нь элэгний хатуурлаас гадна өөхжилтийн зэргийг тогтоодог бөгөөд оношилгооны мэдрэг бөгөөд өвөрмөц өндөр хүчин чадалтай. Энэ бол элэгний эмч нарын мөрөөдөл гэсэн үг.

Өмнө нь Монголд зөвхөн элэгний хатуурлыг л оношилдог байсан бол одоо элэгний өөхжилтийн зэрэглэлийг тогтоож эхэлж байгаа нь том дэвшил юм. Учир нь элэгний өөхлөлт гэдэг хатуурлын өмнөх шинж тэмдэг. Тэгэхээр одоо элгээ хатууралтай болохоос өмнө өөхөлж эхлэхэд нь л “Fibroscan-502” аппаратаар оношлуулах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл элэгний эмгэгийн эрт шатанд нь оношлон эмчлэх боломж нээгдлээ гэсэн үг. Монголчуудын хувьд элэгний өвчлөл, церроз хамгийн түгээмэл бөгөөд элэг дүлий эрхтэн учир өвчин нь сүүлийн шатандаа орсон хойно мэддэг тохиолдол дийлэнх байдаг. Дүлий эрхтэн гэдгийг нь мэдсээр байж оношилгоо, шинжилгээ өгөхгүй яваад байдаг нь тухайн хүний буруу. Гэхдээ оношиллоо гэхэд хатууралтай болсон эсэхийг нь л тодорхойлоод өөхжилт үүссэнийг нь оношилж чаддаггүй байсан бол “Мөнгөн гүүр”-ийнхэн шинэ технологийг оруулж иржээ.

Элэгний хатуурлыг оношлохын тулд биофсын шинжилгээ хийдэг. Ингэхдээ тухайн хүний элэг рүү зүүгээр хатгаж дээж авдаг. Энэ бол шинжилгээ өгч байгаа хүндээ өвдөлт зовиур ихтэй арга. Гэхдээ өнөөдөр ч гэсэн дэлхийн анагаах ухаанд элэгний хатуурлыг оношилдог алтан арга хэвээрээ байгаа. Харин “Fibroscan-502” аппаратын оношилгоо үүнээс эрс өөр. Илүү дэвшилттэй. Шинжилгээ өгч байгаа хүний хавирганы завсраар хэт ягаан туяагаар дурандан элэгний эд эсүүд дээр шинжилгээ хийдэг байна. Энэ талаар “Мөнгөн гүүр” эмнэлгийн дотрын их эмч Ч.Амарзаяа дэлгэрэнгүй тайлбарласан юм.

“Fibroscan-502” аппарат нь электро цэг хэт авиагаар хавирганы завсраас элэгний парахимийн гүн руу 6.5-7.5 см гүн нэвтэрч 3.5 см квадрат хэмжээтэй газарт элэгний парахимийн эдүүд дээр шинжилгээ хийдэг юм байна. 3.5 см парахимийн эд гэдэг бол элэгний биофсаас зүүгээр авдгаас 100 дахин том гэсэн үг. Ийнхүү хэт авиагаар хийсэн хэмжилтээр элэгний өөхжилт, хатуурлыг хамтад оношилно гэдэг асар том дэвшил ажээ. Элэгний өөхжилтийг гурван түвшнээр, хатуурлыг дөрвөн түвшнээр нарийн тодорхойлдэг энэ аппарат өөрийнхөө гаргасан хариуны нарийвчлалыг хүртэл давхар заадаг байна. Хэрвээ аппарат буруу хэмжих юм уу алдаа гарвал оношоо “хэлэхгүй”. Нэг цэг дээр 10 удаа амжилттай хэмжилт хийсний дараа л үр дүнгээ тодорхойлдог. Өөрөөр хэлбэл ухаалаг аппарат гэж болох юм.

“Fibroscan-502” аппаратын шинжилгээний хариуг олон улсын guide line удирдамжийн дагуу уншдаг юм байна. Монголчууд бие физиологийн хувьд Ази, Номхон далайн орнуудын оршин суугчидтай адил гэж үздэг тул энэ аппаратын хариунд эргэлзэх зүйл байхгүй. Энэ бол илүү өндөр нарийвчлалтай, илүү мэдрэг шинжилгээний арга гэдгийг Ч.Амарзаяа эмч хэллээ. Харин энэхүү аппаратаар элэгний өөхжилт, хатуурлыг оношлох боломжгүй цөөн хэдэн тохиолдол бий гэнэ. Тухайлбал, элэгний хавдартай, элэгний асцидтай буюу хэвлийн хөндий их шингэнтэй, идэвхтэй имфлентацитай буюу зүрхний фэйсмэйкер, хиймэл хавхлаг суулгуулсан хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, биеийн жингийн индекс 30-аас дээш байгаа хүмүүст энэ аппаратаар оношилгоо хийж болдоггүй байна. “Fibroscan-502” аппаратаар шинжилгээ өгөхөд нарийн дэглэм, нөхцөл шаардахгүй. Шинжилгээ өгөхөөс өмнө хоёр цагийн дотор хоол идээгүй байхад л болно. “Мөнгөн гүүр” эмнэлгийнхний хувьд энэхүү оношилгооны аппаратын хариуг биохимийн шинжилгээтэй давхар харьцуулж үздэг байна.

Манай улсын эмнэлгүүд бүгд биохимийн шинжилгээгээр элэгний эмгэгийг оношилдог. Гэтэл архи уусны маргааш шинжилгээ өгөхөд АЛАТ, АСАТ нь өндөр гарах жишээтэй. Тэгэнгүүт өнөө хүнд элэгний церрозтой гэсэн онош тавьчихдаг. Тэгвэл  “Fibroscan-502” аппарат үүнийг маш нарийн шинжилж оношилно. Архи дарс болон хоол унднаас болоод өөрчлөлт орсон байна уу, үнэхээр хатууралтай байна уу гэдгийг нарийвчлан гаргана. Ингэж нарийн шинжилж оношлох боломж нээгдэж байхад элгээ эмчилгээ авах боломжгүй болтол хайхралгүй явах хүн гарахгүй л болов уу. Ямар ч байсан монголчуудын хамгийн түгээмэл өвчин элэгний төрөл бүрийн эмгэгийг эрт шатанд оношилж эмчлэх боломжийг “Мөнгөн гүүр”-ийнхэн нээж өгчээ.

 

Хувийн хэвшлийн анхны ангиографи

Монголд хамгийн сүүлд оруулж ирсэн ЭХО

“Мөнгөн гүүр”  эмнэлгийн “Fibroscan-502” аппараттай танилцсаны дараа ЭХО буюу хэт авианы оношилгооны өрөөгөөр орлоо. “Philips HD11 XE” загварын хэт авиа оношилгооны төхөөрөмж 2014 онд үйлдвэрлэгдсэн, Монголд хамгийн сүүлд орж ирсэн ЭХО ажээ. Хэт авиа оношилгооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт ордог “Philips”-ийн хамгийн сүүлийн үеийн загварын төхөөрөмжийг оруулж ирснээрээ “Мөнгөн гүүр”-ийнхэн мөн л үйлчлүүлэгчдэдээ шинэ боломж нээж өгчээ. “Philips HD11 XE” төхөөрөмжийн шинэлэг бөгөөд давуу тал нь хүний биеийн зөөлөн эдийг нарийвчлан харах чадвартай. Мах, булчин, булчингийн хальс, шөрмөс зэргийг өндөр нарийвчлалтайгаар харж, гэмтэл бэртлийг нь оношлох чадвартай энэхүү аппарат манайд анх орж ирсэн нь энэ.

Уг хэт авиа оношилгооны төхөөрөмж дөрвөн датчиктай. 3D, 4D ЭХО-ны датчик жирэмсний болон ургийн гажиг оношлоход чухал үүрэгтэй. Харин 5 см өргөн  шугаман датчикийг гэмтлийн практикт өргөн хэрэглэдэг байна. Үүгээр хүүхдийн түнхний үе, өвдөг, шагайн үе, зөөлөн эдийн гэмтлийг оношилдог байна. Мөн хөх, бамбай булчирхайн эмгэг илрүүлэхэд шугаман датчикийг ашигладаг ажээ. Таван цулын эрхтэн үзэх зориулалттай датчик, эмэгтэйчүүдийн үтрээний датчик зэргээр тоноглогдсон уг ЭХО оношилгооны төхөөрөмж ачаалал ихтэй байдаг ажээ.

“Мөнгөн гүүр” эмнэлгийн дүрс оношилгооны төвийн өөр нэг онцлох төхөөрөмж бол ангиографийн аппарат. Ангиографийн аппарат манай улсын эмнэлгүүдэд гурав л бий. “Мөнгөн гүүр”-ийнх бол хувийн хэвшлийн эмнэлэг оруулж ирсэн анхны төхөөрөмж юм. “Philips Allura” маркийн уг төхөөрөмж “Bi plane” харалттай гэдгээрээ Монголд мөн л анхдагч. Энэ төхөөрөмжийг ашиглан судсан доторх оношилгоо эмчилгээг хийж гүйцэтгэдэг. Мөн элэгний хавдар бөглөх, тархины судасны цүлхэнг бөглөх, зүрхний титэм судсанд стент тавих, судасны бүх төрлийн эмгэгийг оношлох чадвартай.  “Bi plane” харалт гэдэг нь нэг удаагийн шинжилгээгээр хүний биеийн зургийг авахдаа хүссэн өнцгөөс хэд хэдэн талаас нь авч болдог байна. Ийнхүү өндөр түвшинд оношилсны үндсэн дээр судсан дотуур тодосгогч бодис шахан элэгний хорт хавдрын судсыг бөглөх зэрэг эмчилгээг хийдэг ажээ.

Ийнхүү “Мөнгөн гүүр”-ийнхэн ангиографи оношилгооны төхөөрөмжийг хувийн хэвшлийнхнээс анх оруулж ирснээр улсын эмнэлгүүдийн ачаалал тодорхой  хэмжээгээр хөнгөрөх юм. Хавдар судлалын үндэсний төв болон Клиникийн гуравдугаар эмнэлэгт ангиографийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэсэн хүмүүсийн дараалал асар  их. Тэд уг төхөөрөмжөөр оношлуулах, элэгний хавдрын судас бөглөх, зүрхний титэм судсанд стент тавиулах, тархины судасны цүлхэнг бөглүүлэх эмчилгээ  хийлгэхийн тулд хоёр долоо хоног, бүр сараар ч хүлээхэд хүрдэг байна. Өвчиндөө шаналж, цаг мөч тоолон үхэлтай тэмцэлдэж байгаа хүмүүст хоёр долоо хоног байтугай хоёр хоног ч урт хугацаа. Одоо тэгвэл дээр дурдсан өвчнүүдийг оношилж, эмчлэхэд “Мөнгөн гүүр”-ийнхэн хувь нэмрээ оруулж эхэлжээ.

Хэт авианы төхөөрөмж сайн байхад онош алдана гэж үгүй

Энэ мэтээр тус эмнэлгийн дүрс оношилгооны төвийн тоног төхөөрөмжүүдийг нэгбүрчлэн танилцуулбал багагүй цаг, цаас зарцуулна. “Philips” брэндийн 64 зүслэгт компьютер томографийн аппарат л гэхэд бүх дотор эрхтний оношилгоо, тархи, мэдрэл, нуруу, нугас, яс, үе мөчний оношилгоог хийдэг байна. “Philips Achieva” маркийн 1.5 тесла соронзон үелзэлт томографийн аппарат мөн л тархи, нуруу нугас, үе мөч, зүрх судас, хэвлийн хөндийн эрхтнүүдийн оношилгоог хийх зориулалтай.  “Samsung XGEO-GC80” маркийн дижитал рентген аппарат ч маш олон давуу тал, онцлогтой. Wireless detector-той, смарт дижитал рентген аппарат Монголд анх орж ирсэн нь энэ.

Түүнчлэн эднийх MRI аппарат оруулж ирснээр улсын эмнэлгүүдийн ачааллыг эрс хөнгөлөх нөхцөл бүрджээ. MRI аппаратаар оношлуулах шаардлагатай хүмүүс асар олон байдаг. Гэтэл улсын эмнэлгийн MRI аппаратууд хаанаа ч хүрэлцдэггүйгээс 10 хоног  хүлээх энүүхэнд. Хүчин чадлаасаа хэд дахин давсан энэ их ачааллыг хөнгөлөхөд “Мөнгөн гүүр”-ийн MRI чухал үүрэг гүйцэтгэх биз ээ. “Мөнгөн гүүр” эмнэлгийнхэн энэ бүх тоног төхөөрөмжийг оруулж ирж суурилуулахад багагүй цаг зарцуулж, асар их хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ.

Эмнэлгийн дэд бүтэц гэж энийг хэлнэ

Ангиографийн аппаратыг хувийн хэвшлийн эмнэлгүүдээс анх оруулж ирсэн нь энэ.

“Мөнгөн гүүр” эмнэлэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай гэдгээрээ онцлог. Эмнэлгээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах хүртэл гурван үе шаттай төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний үе шатанд ийнхүү дүрс оношилгооны төвөө нээжээ. Удахгүй хамгийн орчин үеийн вакум мэс заслын өрөөнүүдийг тоноглож тохижуулан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн гэмтлийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цагаар үзүүлэх хүлээн авах төвөө тун удахгүй нээх юм байна. Ингэснээр “Мөнгөн гүүр”-ийнхэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллаас зохих хэмжээгээр хуваалцана. Энэ чиглэлээр хувийн хэвшлийнхнээс анхдагч болж байгаагаараа мөн л онцлог. Цаашид эднийх гэмтэл согог судлал, оношилгоо, эмчилгээгээр дагнах бөгөөд хэвтэн эмчлүүлэх тасаг, физик эмчилгээний төв, сувиллын газар зэргийг цогцоор нь байгуулахаар төлөвлөжээ.

“Мөнгөн гүүр” эмнэлгийн үүдээр орж ирсэн хүн өвчин эмгэгээ орчин үеийн өндөр хүчин чадалтай аппатараар оношлуулан, эмчилгээгээ хийлгэж, сувилуулан бүрэн эдгэрээд гарах төгс цогц үйлчилгээ энд бүрдэх юм байна. Түүнээс биш өндөр хүчин чадалтай аппаратаар оношилсон гээд ямар нэгэн тайлбаргүй шинжилгээний хариуг хүнд өгөөд явуулчихгүй.

Хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай, нарийн мэргэжлийн оношилгооны аппарат, тоног, төхөөрөмжүүдийг суурилуулна гэдэг өөрөө асар нарийн дэг горим, дэд бүтэц, орчин нөхцөл шаарддаг ажээ. Дээр өгүүлсэн дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд ямар хэмжээний агаарын температур, чийгшилтэй байх ёстой вэ гэдэг нь нарийн заалттай. Тэр орчныг бүрдүүлэхийн тулд агааржуулагч, чийгшүүлэгчээс эхлээд дэд бүтцийн олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Мөн эмнэлгийн тасралтгүй үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангахын тулд “Мөнгөн гүүр”-ийнхэн ойролцоох ЦТП буюу дэд станцыг өргөтгөх хөрөнгийг гаргажээ. Ийнхүү баталгаатай цахилгааны эх үүсвэртэй болсон байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг найдвартай ажиллагааг хангах зориулалттай сервер, тэжээлийн тусгай өрөөнүүдтэй. Эмнэлгийн дэд бүтэц гэж энийг л хэлэх байх.

Дижитал рентген аппарат хамгийн орчин үеийнх.

Эцэст нь хэлэхэд тус эмнэлгийн үүд хаалга, шатнаас эхлээд бүх юм хүний төлөө, хүнд зориулагдсан гэдэг нь мэдрэгдэнэ. Энэ эмнэлгийн хаалгаар орж ирсэн хүн  жинхэнэ утгаараа үйлчлүүлэгч хаан гэдгээ мэдэрнэ. Шат нь л гэхэд өвчтэй хүн тэргэнцэртэй бууж суухад тохиромжтой тусгай зориулалтын байх жишээтэй.

Хамгийн гол нэг зүйл бол “Мөнгөн гүүр” эмнэлгийн үүд хаалга 24 цагийн турш нээлттэй байх болно. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн долоо хоногийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тэгж байж жинхэнэ хүнд  хүрсэн үйлчилгээ, хүний төлөө үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлнэ гэж тус эмнэлгийнхэн үзэж байна. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Тэр тусмаа гэмтэл гэдэг санамсаргүй, тохиолдлын шинжтэй. Гэтэл улсын эмнэлгүүдийн цагийн хуваарь хязгаарлагдмал. Орой 18 цагаас хойш ажиллахгүй. Оройн цагаар өвдөх юм бол хаана очих вэ гэдэг асуудал тулгарна. Түргэн тусламжийнхны ачаалал ямар билээ. Ажлаа тарчихаад MRI-д харуулъя, оношилгоо хийлгэе гэх хүн олон байдаг ч төрийн албатай зэрэгцээд эмнэлгүүд хаалгаа барьдаг. Тэгвэл одоо “Мөнгөн гүүр” эмнэлэг уртасгасан цагаар, долоо хоногийн турш оношилгоо, эмчилгээ хийхээр болж байна. Монголд ийм л эмнэлэг олон хэрэгтэй.

Эмнэлгийн дэд бүтэц, серверүүд.

Тэргэнцэртэй хүнийг зөөж буулгах тусгай шат


Дижитал рентген

Ангиографийн оношилгооны төв

Ангиографийн оношилгоо хийхэд хүчтэй соронзон орон ашигладаг тул эмч нар хар тугалган халат өмсдөг

Энэхүү хамгаалалтын халат 4-5 кг орчим жинтэй

 Гэрэл зургийг Ц.Баярбаатар | Г.Сонинбаяр

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж