Хятадын Сичуань мужийн Кандин хотод өчигдөр /XI.22/ 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн гамшигт хоёр хүн амь үрэгдэж, 54 хүн гэмтэж бэртэн, олон арван байшин барилга нурсан байна. “Синьхуа” агентлагт мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Кандин хотын төвөөс 30 орчим км зайтай газар болсон гэнэ. Хэдхэн секунд үргэлжилсэн хүчтэй газар хөдлөлтөд олон байшин, барилгын хана цуурч, дээвэр нурсныг оршин суугчид мэдээлжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Сичуань мужийн нийслэлд хүртэлт мэдрэгдсэн байна. Аврах албаныхан газар хөдлөлтийн голомтод ажиллан, цахилгааны гэмтлийг засч, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн улмаас үүссэн хөрсний нурангид Хятад, Түвдийг холбосон хурдны зам дээр 100 орчим автомашин дарагдсан гэнэ. Кандин хот болон ойролцоох тосгодод ойролцоогоор 120 мянга гаруй хүн оршин суудгийн 70 хувь нь түвдүүд аж.
Үүнээс өмнө 2008 оны тавдугаар сард Сичуань мужид 7.9 магнитудын газар хөдөлснөөс 90 мянга орчим хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА