Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ

-Аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ-

БНСУ-ын Данвон хотод аэробикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч лхагва гаригт (11.19) эхэлсэн билээ.  Тэмцээнд  БНХАУ, БНСУ, Япон, Тайланд, Хонгконг, Энэтхэг, Вьетнам, Австрали зэрэг 11 орны 300 гаруй тамирчид оролцож байна. Манай улсаас тус тэмцээнд 35 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаагаас өнөөдрийн байдлаар нэг алт, хоёр хүрэл медаль хүртээд байна.  

Насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн ШУТИС-ийн баг тамирчид.

 

Тэмцээн 14, 17 хүртэлх, насанд хүрэгчдийн гэсэн гурван насны ангилалд болж байна. Хоёр жил тутамд нэг удаа болдог Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил IV дэх удаагаа болж буй. Манай улсаас нас насны ангилалд өрсөлдөхөөр нийт 35 тамирчин, гурван дасгалжуулагч, хоёр шүүгч, албаны хүний хамтаар Данвон хотыг зорьсон юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 5, 97-р сургууль, Дархан-Уул аймгийн баг, ҮБТДС, МУБИС-ийн БТДС, ШУТИС, “Лайт” клубийн тамирчид улсаа төлөөлж оролцсоноос өнөөдөр Ази тивийн анхны аварга цол болон хос хүрэл медалийг хүртлээ.

Аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээний 18-аас дээш насны ангилалд ШУТИС-ийн баг тамирчид алтан медалийг хүртлээ. Мөн “Дансе” аэробикийн төрөлд ҮБТДС-ийн Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай баг тамирчид шилдэг гуравт шалгарч хүрэл медаль хүртээд байна. Тэмцээний хамгийн бага ангилал болох 12-14 насны хосын төрөлд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Лайт” клубын тамирчид болох Д.Батмөнх, М.Бямбацэнд медалийн тавцанд зогссон юм. Мөн 12-14 насны ангилалд “Лайт” клубээс гадна 97-р сургуулийн С.Тунгалаг дасгалжуулагчтай Б.Номинзул, Э.Марал, Б.Үүлэнзаяа, Э.Түмэн-Өлзий, Н.Баян-Эрдэнэ, О.Энхтүшиг нар хагас финалаас финалд шалгарч 4, 5, 6-р байрт шалгарлаа. 12-14 насны ангилалын багийн төрөлд Монголын баг 17,950 оноогоор шилдэг зургаад багтсан байна.  

Манай тамирчид 2010 онд Вьетнамын Хошимин хотноо болсон II дахь удаагийн Ази тивийн АШТ-ээс 15-17 насанд Тунгалаг дасгалжуулагчтай Ч.Золбоо ганцаарчилсан төрөлд, 2012 онд Индонези улсад болсон III дахь удаагийн тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд БТДС-ийн тамирчин Г.Наранхүү, Б.Гандулам нар хос хүрэл медаль хүртэж байжээ. Тэгвэл энэхүү амжилтыг IV дэх удаагийн тэмцээнд ахиулж чадлаа.

 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу энэ сарын 22-ны өдөр өндөрлөх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж