Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдлээ. Кюүшюү башёгийн 13 дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо озэки Котошёогикүг давснаар 12 дахь даваагаа авлаа. Энэ өдөр ёкозүна Харүмафүжи, ёкозүна Какүрюү нар хоорондоо таарч барилдсан юм. Харүмафүжи Какүрюүг сугадаж дайраад дэвжээнээс гаргаж, 10 дахь даваагаа авлаа. Ингэснээр башёг Хакүхо ганцаараа 12 даваатай тэргүүлж эхэллээ. Тэрээр маргааш, нөгөөдөр Харүмафүжи, Какүрюү нартай барилдах юм. Хакүхо дээд зиндаанд 31 түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн хоёрт жагсаж буй. Тэрээр Кюүшюүд түрүүлбэл Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцэх билээ.
Энэ өдөр сэкивакэ Ичиножёо Гүржийн Точиношиногоор 7 дахь даваагаа авсан бол 50 хувийн амжилтаа үзүүлээд байгаа Кёкүтэнхо гурван өдөр дараалан ялагдаад байна.
Тэмцээний 14 дэх өдөр буюу бямба гаригт(11.22):
Ёкозүна Хакүхо – ёкозүна Харүмафүжи
Ёкозүна Какүрюү – озэки Котошёогикү
Озэки Кисэносато – сэкивакэ Ичиножёо
Маэгашира 11 Кёкүтэнхо – М-10 Тамавашитэй тус тус оноолт таарчээ.
Монголын бөхчүүдээс: (13 өдрийн дараах байдлаар)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-3
Ёкозүна Какүрюү М.Ананд 11-2
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 7-6
М-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-7
М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-6
М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 8-5
М-13 Таканоива А.Баасандорж 3-10
M-13 Араваши Э.Дөлгөөн 7-6
М-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-5 гэсэн амжилттай явна.
Ч.БОЛОР