Дуурийн театрын уран бүтээлчид нэгэн сонирхолтой тоглолт хийхээр зэхжээ. Тэд балетийг стандарт бүжгийн нэгэн төрөл болох Танго бүжигтэй хослуулан бүжих нь ээ. Залуусын хайр дурлалаар дамжуулан өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж байгаа аж.
Хөгжим бүжгийн коллежийн багш Х.Алтангэрэл хөгжмийг бичиж, Дуурийн театрын захирал Б.Мөнхзул либреттог бичжээ. М.Од, Б.Саруул, А.Бэлгүдэ, А.Эрдэнэболд, У.Анужин Б.Пүрэв-Очир зэрэг уран бүтээлчид гол дүрд тоглох бол Дуурийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тоглолтод оролцоно.
Эл удаагийн тоглолт балетын техникийг танго бүжгийн хэмнэлтэй нэгтгэж байгаагаараа онцлог. Манайд өмнө ийм төрлийн тоглолт тавигдаж байгаагүй бөгөөд бүжигчид уран бүтээлчдээс чамгүй чадвар шаардах нь ойлгомжтой. Тийм ч учраас Австриас мэргэжлийн хоёр багш уригдан ирж, стандарт, аргентин танго бүжгийн гурван долоо хоногийн сургалт зохион байгуулан, туршлага солилцсон байна.
“Төгсөшгүй танго” тоглолт арванхоёрдугаар сарын 6, 7-нд ДУЭТ-т болно.
Э.ТЭКҮ