Ж.Батзандан:Таны алдааг засаж, таньтай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан:Таны алдааг засаж, таньтай хамтарч ажиллана

Ж.Батзандан: Дэмжинэ гэдэг нь таныг магтаж байгаа үг биш. Дэмжинэ гэдэг нь таны алдааг засаж, таньтай хамтарч ажиллана гэсэн үг

Өнөөдөр бид шинэ Ерөнхий сайдыг сонгох, томилох асуудлыг хэлэлцэж байна. Сайханбилэг гишүүн олон жил дарга хийж үзсэн, төрийн ажлын туршлагатай хүн гэдгийг бид мэднэ. Тэрээр АН-ын дүрмийн дагуу ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа. Энэ утгаар нь таныг ерөнхий сайд болгохоор бид Улсын Их Хурал дээр хэлэлцэж байна.

 


Сүүлийн үед Улсын Их Хурлын гишүүдийн дотор нэг хэлц үг бий болчихоод байгаа. “Унасан сайд ухаантай. Сайдын нүд сарын дараа сохордог” гэж. Таныг Ерөнхий сайд болсныхоо дараа нүд нь битгий сохорчихоосой гэж хүсч байгаагаа илэрхийлье.

 


Мөн хэдэн зүйлд анхаарлаа хандуулаач ээ гэж санал тавьмаар байна. Монголын ард түмэн олон төрлийн дарамтан дор амьдарч байна. Гадны хөрөнгө оруулагч нэртэй гадныхны шахалт дарамтанд орж байна. Дэлхийд байхгүй өндөр хүүтэй зээл олгодог арилжааны банкуудын дарамтан дор амьдарч байна. Үнийн хөөрөгдлөөс болж үнийн дарамтанд Монголчууд сөхөрч байна. Давхар түрээсээс болж түрээсийн дарамтанд Монголчууд хохирч байна. Эрүүл эрх зүйт төр төлөвшөөгүйгээс болж эрх мэдлийн дарамтан дор Монголчууд шаналан зовж байна. Тийм учраас энэ дарамтуудаас Монголчуудыг чөлөөлөхийн тулд та хичээж ажиллаарай

 


Өнгөрсөн жил миний бие төрийн албан тушаалтанууд оффшор бүс дэх дансандаа их хэмжээний мөнгө татвараас зайлсхийн байршуулах, мөн угаах авилгалын замаар олсон байж болзошгүй хөрөнгө мөнгөө оффшор бүс рүү шилжүүлж байгаа тухай асуудлыг дэвшүүлж тавьсан. Саяхан Жи-20 буюу дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай 20 орон оффшор бүстэй тэмцэл зарласныг та бүхэн мэдэж байгаа. Танай Засгийн газар ч гэсэн оффшорт анхаарлаа хандуулж ажиллаарай. Монголын баялаг Монголын хөрөнгө Монголдоо үлдэх ёстой шүү гэдгийг танд захиж хэлмээр байна.  

 


Та бид хоёр Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдож байсан. Улс төрийн замналын хувьд бас нэгэн үе хамтдаа явж байсан хүмүүс. Монгол улсын хамгийн том засаг захиргааны хоёр нэгж болох Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт та нэр дэвшиж сонгогдож байсан. Иймд Нийслэлээс гаргаж байгаа Улаанбаатар хотын засаг захиргааны шинэчлэлийн бодлогыг дэмжиж ажиллаарай. Ялангуяа Монголын хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн эрүүл мэнд сурууль цэцэрлэг, зам харилцаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг таныг дэмжиж  ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.   

 


Мөн та гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр анхаарал хандуулж ажилладаг хүний нэг. Гэхдээ ямар ч …измээс илүү үндэсний эрх ашиг байдаг гэдгийг ямагт санаж анхаарч ажиллаарай. Сүүлийн үед манай улс төрчид Вашингтоны конценссуудыг хамгийн чухал бодлогын баримт бичиг мэт ярьдаг болсон. Тийм зүйл байхгүй. Дэлхийн олон улс орнууд Вашингтоны конценссуудаас татгалзах чиглэлд явж байна. Хувьд өгсөн болгон сайн биш. Төрийн өмч болгоныг зарах, үнэгүйдүүлэх, үгүй хийх нь сайн зүйл биш гэдгийг олон улс орон ойлгож байгаа шүү гэдгийг Танд хэлье.

 


Социализмын үед Монгол төрийн бодлогыг Москвагаас удирддаг байсан. Одоо Монгол төрийн олон шийдвэр Вашингтонд, Лондонд, Сөүлд байгаа хүнтэй зөвшилцөж гардаг болсон. Одоо үүн дээр анхаарах цаг болжээ. Монгол төрийн шийдвэр Монголдоо Улаанбаатарт гардаг байя. Энэ чиглэл рүү яваарай гэж хэлэх байна.

 


Ардчилсан намын олонхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Таныг дэмжинэ гэдгээ би хэлье. Гэвч дэмжинэ гэдэг нь таныг дандаа магтана гэсэн үг биш. Дэмжинэ гэдэг нь таны алдааг засаж, таньтай хамтарч ажиллана гэсэн үг. Таньд эрч хүч, эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Б.БАТ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж