Тэгээс хязгааргүйн хооронд

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Тэгээс хязгааргүйн хооронд

Das Wahre ist gottähnlich.

Үнэн бол бурханы энтэй. (Гёте)

Хар нүхний ёроолд хэвтэх “Үнэн”.

Гэрэл ч мултран гарч үл чадах тэр ёроолыг хэрэвзээ математикийн томъёогоор илэрхийлж чадах аваас, сансар огторгуйг бүхэлд нь тайлж чадна гэх.

Энэ ертөнцийн түмэн үзэгдлийг ердөө л “цэвэр оюун бодлоороо” таньж мэдэхийг эрмэлзэх физикчидийн их аян мөдхөн огторгуйн эхлэлд дөхөж очоод байна.

13.7 тэрбум жилийн тэртээ Их тэсрэлт гэгдэх аварга дэлбэрэлтийн үр дүнд энэ огторгуй ердөө “ганц цэгээс” эхэлсэн гэгддэг.

Өдийг хүртэлх физикчидийн олж нээсэн томъёонууд тэрхүү Их тэсрэлт болоод “10-ын -43 зэрэг секунд” өнгөрсөнөөс хойшхийг нэгэнт тайлаад буй.

Өөрөөр хэлбэл, хүн төрөлхитөнд үлдээд буй сүүлчийн таавар, тэр бол огторгуй яг мэндэлж буй чухам тэр агшин юм.

Харин тэрхүү сансар огторгуй үүсч мэндэлсэн яг тэр агшин нь “Хар нүхний ёроолд” тэмдэглээтэй байгаа юм гэнэ.

Яагаад гэвэл, хар нүхний ёроол гэдэг бол “туйлдаа хүртэл агшигдан шахагдсан хэт бичил цэг” учраас тэр. Тэр бол сансар огторгуй бүхлээрээ буцаж хуйлагдан нягтарчихсан мэт тийм газар юм.

Огторгуй эхлэл цэг бол, огторгуйн төгсгөл ч гэж санагдам хар нүхний ёроолтой томъёоны хувьд ижилхэн учраас тэр юм.

 

  • Харьцангуйн ерөнхий онол

20-р зууны төрүүлсэн суут физикч Эйнштейн компьютер ч байхгүй тэр үед холын огторгуйн хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай тодорхойлж чадсан (Угаас, шинэ томъёо нээж олоход компьютер ашиглах боломжгүй юм. Учир нь компьютер бол нэгэнт олдсон томъёонд тулгуурлан програмчлагдсан байдаг).

Эйнштейний нээн илрүүлсэн Харьцангуйн ерөнхий онол.

Хараагүй хэрнээ л хэцүү гэж санагдах тэрхүү томъёо, үнэндээ тун энгийнээр илэрхийлэгдсэн байдаг гэх. Томъёоны зүүн тал нь “орон зайн муруйлтыг”, баруун тал нь “юмсын жин болон инергийг” илэрхийлж байдаг. Нэг ёсондоо, “жин болон инерги байхад орон зай муруйдаг” гэсэн утгыг илэрхийлж буй юм.

 

“Орон зай муруйх” гэж юу гэсэн үг вэ?

Жишээ нь, орны матрассан дээр бөмбөг өнхрүүлбэл, мэдээж матрасс бөмбөгний жингээр хотойно. Тэгж үүссэн хотойлт нь “муруйлт” юм.

Тэрхүү муруйсан матрасс (орон зай) дээр өөр нэг хөнгөн бөмбөг тавьбал, тэр нь эхний бөмбөгний хотойлтыг дагуулан хөдлөх биз. Ингэж үүссэн хөдөлгөөн бол, нар гэх мэт том оддын татах хүчинд татагдах жижиг гаригсын хөдөлгөөн юм.

Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолоор бол, оддын жингээс болоод түүний ойр хавийн орон цаг муруйж, тэр муруйлтыг нь дагаад бусад гаригсууд хөдөлж байдаг болж таарна.

Тэгээд, тэрхүү орон цагийн муруйлт нь “одны хэмжээ жижигхэн бөгөөд жин нь их байхын хэрээр том болж, хүчний үйлчлэл нь их байх болно”.

Энэхүү татах хүчний онолыг ашиглавал, огторгуй мэндлэх үеийн нууц тайлагдана хэмээн тухайн цаг үедээ маш том хүлээлт үүсээд байжээ.

Гэвч хэдий алдарт Харьцангуйн ерөнхий онол ч гэлээ, түүнд нэгэн цоорхой байлаа. Тэр бол “Хар нүхний ёроол” байсан юм.

Түүнийг гярхай анзаарсан хүн бол тэргэнцэртэй суутан Хокинг профессор.

Аймшигтай хүчээр бүхнийг сорон залгих хар нүх. “Түүний хамгийн гүн хэсгийг Эйнштейн анзааралгүй өнгөрөөсөн” хэмээн Хокинг хэлнэ.

Эйнштейний онолоор бол, биет жижигхэн бөгөөд хүнд байхын хэрээр орон зай илүү муруйна. Тэгвэл “туйлын хүнд мөртлөө өчүүхэн цэг” байвал юу болох вэ?

Тэр үед орон зай тэр цэг рүү чиглэн хязгааргүйгээр шигдэн орох учиртай. Энэ бол онол дээрх хар нүх юм.

Хар нүхийг илэрхийлэх томъёоны хуваарьт (буюу хуваагч) түүний ёроол хүртлэх зай болох “r” хувьсагч бий. Энэ бол, хар нүх гүн байхын хэрээр түүний орон зайн муруйлт их болохыг үзүүлнэ.

Тэгвэл хар нүхний ёроолд тулж очвол юу болох вэ? Түүний зай болох “r”-ын утга 0 болно. Энэ үед хуваарийн утга ч бас “0” болж, томъёоны үр дүн “хязгааргүй” болно. Математикийн хувьд энэ нь тооцоолох боломжгүй гэсэн утгыг илэрхийлнэ.

Эйнштейний анзаараагүй цоорхой гэдэг нь энэ байсан аж.

Огторгуйн үүслийн нууцыг тайлна хэмээн бүхний хүлээлтийг өөртөө хураасан Харьцангуйн ерөнхий онол ийнхүү хар нүхний ёроолд хүрч чадсангүй.

Хокинг профессор

–         Хар нүхний ёроолд Харьцангуйн ерөнхий онол хүчинтэй байж чадсангүй. Энэ асуудлыг шийдэхгүй бол огторгуйн эхлэлийг таних боломжгүй юм.

үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж