Эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой удахгүй тохионо. Тэрхүү түүхт ойг угтан Юнимат эдюкэйшн компаниас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Чингис хаан” уран бүтээлийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогч хүүхдүүд Эзэн хааны холбогдолтой хайилбар, сийлбэрийн бүтээлээ ирүүлжээ. Хүүхдүүдийн зохион бүтээх урам зориг, идэвх зүтгэлийг өдөөсөн энэхүү сонирхолтой уралдаанд олон арван хүүхэд оролцсон байна.
Уралдаанд Сонгинохайрхан дүүргийн 9, 107, 105, 122 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 1, 2, 4, 45, 71 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 118, 59–р сургууль, Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Сэврэй сумын сургуулиуд, Багануур дүүргийн Уурхайчин спорт хороо, “Юнимат” бүтээлч сэтгэлгээний дугуйлан, Төв аймгийн Батсүмбэр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургууль, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль, Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн сургагчид бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд оролцогч хүүхдүүдийн бүтээлийг www.facebook.com/UnimatEducation хаягаар орж үзэх боломжтой. Тус компани хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, харшийн сүлд модны наадам зохион байгуулах юм байна.
Юнимат эдюкэйшн ХХК нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиуд, техник технологийн коллежууд, техникийн мэргэжлийн их, дээд сургуулиудын сургалтын программд “UNIMAT” бүтээлч машиныг нэвтрүүлэх, боловсролын салбарын технологийн сургалтанд шинэ дэвшилт гаргах, оюутан сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн мэдлэг боловсрол, ур чадварт хөрөнгө оруулалт хийх, олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргах, шилдэг инженер, зохион бүтээгчийг бэлтгэх зорилго тавин ажилладаг байна.
Д.ЦЭЭНЭ