Ч.Сайханбилэгийн засагт хэн, хэн багтах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийн засагт хэн, хэн багтах вэ?

Н.Алтанхуягийг огцруулснаас хойш 16 хоног эзэнгүй байсан гүйцэтгэх засаглал тэргүүнтэй боллоо.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ч.Сайханбилэгийг 28 дахь Ерөнхий сайдаар томилохыг хоёр гишүүн эсэргүүцэж, 42 нь дэмжсэнээр дараагийн тохиролцоо эхэлж байна. Тэр нь Ч.Сайханбилэгийн танхимд хэн, хэн багтах вэ гэдэг асуудал. Гэхдээ үүнээс өмнө АН хэнтэй хамтарч засаг барих вэ, энэ засгийн газар мэргэжлийнх байх уу гэдэг түмэн янзын асуулт олны сонирхлыг татаж байгаа юм.

Н.Алтанхуягийг засаг барьж байх үед Хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн хувьд шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх, эдийн засгийн хямралтай нүүр тулж ажиллахаа чуулганы танхимд амлав. Энэхүү амлалтаа биелүүлэхэд түүнд маш сайн баг хэрэгтэй.  Ядаж л бодлогыг нь эсэргүүцээд, хувийн тоглолт хийгээд, ажилд нь саад болоод байдаггүй хамтрагч чухал юм.  Үгүй бол яг Н.Алтанхуяг шигээ танхимынхаа сайдуудад араасаа “хутгалуулна” гэж мэд.

Н.Алтанхуягийг бодвол Ч.Сайханбилэгт нэг давуу тал бий. Танхимынхаа гишүүдийг сонгох эрх нь түүнд байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын дарга З.Энхболд Ерөнхий сайд өөрөө танхимынхаа гишүүдийг сонгоно гээд амлачихсан. Гэхдээ Ч.Сайханбилэгийн танхимд хэнийг оруулах, хэнийг багтаах вэ гэдэг З.Энхболдоос хамааралгүй байна гэвэл ёстой худлаа. Одоо АН-ын даргын өрөөнд жинхэнэ хор найруулагдана.  Бүлэг, фракциуд нь эрх мэдлийн бялуунаас хүртэх гэж алалцана. Гомдогсод дараа нь сөрөг хүчнийхэнтэй хуйвалдана. Тэдний шидсэн олсонд Ч.Сайханбилэгийгээ аваачаад “дүүжилчихэж” ч магадгүй л хүмүүс.  АН-ын будаггүй төрх ердөө  энэ  шүү дээ.  

 

 

УИХ-ын дарга З.Энхболд танхимаа 14 хоногийн дотор бүрдүүлэх үүргийг шинэхэн Ерөнхий сайдад өгсөн.  Тэгэхээр Ч.Сайханбилэг өнөөдрөөс намуудтай тохиролцоогоо эхлүүлнэ гэсэн үг.  МАН-ын бүлэг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжихгүй гэдгээ илэрхийлж, өнөөдөр чуулганы хуралдааныг хаяж, эсэргүүцлээ илэрхийллээ. Гэвч, МАН-гүйгээр АН Ерөнхий сайдаа томилчихлоо. “Шударга ёс” болон ИЗНН өнгөрсөн хоёр жилд хийсэн ажлаа цааш нь хамтдаа үргэлжлүүлэх хэрэгтэй байгааг байнга л үглэж сануулж буй.  Тэгэхээр ямар ч байсан “Шударга ёс” эсвэл, ИЗНН засагт орох сонирхолтой, тэдэнтэй ч АН тохиролцоо хийсний үндсэн дээр өнөөдөр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилуулж чадсан биз. Харин МАН засагт орох уу, яах вэ?

Н.Алтанхуягийг огцруулсан өдрөөс эхлээд МАНАН-гийн Засгийн газар байгуулагдах нь гэх “шум” дэгдэж, МАН-ынхан ч АН санал тавилбал “үгүй” гэхгүй хэмээн сээтэн хаяж байсан ч асуудал тэдний санаснаас өөрөөр эргэв.

Хэрэв засагт орвол, “гол таван яам, дээр нь спикерийн суудлыг горилж байсан МАН-ынхан “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болж үдлээ.  Хэтэрхий шунамхайрсан МАН-ын хүслийг хяссан АН тэдэнгүйгээр засаг байгуулах нь тодорхой болов. 

Өнөөдрийн чуулганы дараа цөөнхийн бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийж, “АН ачаагаа өөрөө үүрэх ёстой” хэмээн тунирхлын үг чулуудлаа. Тэрбээр “Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр  дэвшүүлсэн учраас АН  ачаагаа өөрсдөө үүрээд явах хэрэгтэй.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөв бодлого явуулбал бид дэмжинэ, өмнөх Засгийн газар шиг буруу бодлого нь давамгайлвал хариуцлага ярина” гэжээ. Нөгөө Н.Алтанхуягийг огцруулахтай зэрэгцээд дараагийн Засгийн газар огцор гэсэн сошиал ертөнцийн хошигнолыг МАН бодит зүйл гээд итгэчихэж. Үнэндээ 2016 оны сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдэж байхад АН-ынхан ахиад МАН-ын занганд унавал “хохь нь” гэхээс өөрөөр яах билээ.

Саарал ордноор тэнүүлчилж байгаа ховын шинжтэй яриагаар бол МАХН дөрвөн яамаа өөртөө үлдээх сонирхолтой байгаа гэх.

Мөн Н.Алтанхуягийн танхимын сайдуудаас Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нар үлдэж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж эхэлжээ.  

Нөгөө талаар, Ерөнхийлөгчийн санаачилсан  “Ухаалаг төр”-ийн хүрээнд  давхар дээлтэй сайдуудыг сонгохгүй, дан дээлтнүүдээс бүрдсэн мэргэжлийн засгийн газар байгуулах болов уу гэсэн хүлээлт бий. УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын даргын хувиар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Мэргэжлийн засаг байгуулбал сайн л байна, гэхдээ тэг гэж шахахгүй" гэх маягтай зүйл ярьсан байсан. Эндээс харахад,  Ч.Сайханбилэгийн танхим давхар дээлтнүүдээс бүрдлээ гэхэд УИХ-ын дарга лав эсэргүүцэхгүй бололтой.

Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон юм бол энэ нь нэмэгдэхүүний байрыг өөрчилсөн төдийгөөр өнгөрвөл утгаггүй. Яг одоо л УИХ, Засгийн газар хоёрыг чиг үүргийг тусгаарлаж, байр байранд нь тавих ёстой.  Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн танхимыг мэргэжлийнхнээс бүрдүүлж чадвал том төрөөс ухаалах төрд шилжих процесс нэг алхам урагшиллаа гэж хэлж болно. Хоёрт, фракциуддаа  бялуу хүртээх зарчимаар биш баг болж ажиллах хүнээ сонгох ёстой. Гуравт эдийн засгийн микро биш макро бодлого хэрэгжүүлэх учиртай.  Гэхдээ өнөөдрийн үйл явдал, МАН  бойкот, хэвлэлийн хурлын  мэдээнээс  харахад МАНАН үүсэхгүй нь тодорхой боллоо. Энэ бол нэг талаар сайн. Хүчтэй сөрөг хүчинтэй хэвээрээ байна гэсэн үг. Харин муу нь төрийн ажлыг дахиад л гацаахгүй гэх баталгаагүй. МАН одоо ууртай байгаа. Унасан бөх юу гэдэг билээ дээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж