Г.Уянга:Би үндэслэлүүдээ тодорхой хэлсэн

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

Г.Уянга:Би үндэслэлүүдээ тодорхой хэлсэн

28 дахь Ерөнхий сайд тодорсны дараа УИХ-ын гишүүн Г.Уянгаас дараах асуултад хариулт авлаа.

-Та Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдэг байр сууриа хадгалж, сая түүний эсрэг санал өглөө. Ямар шалтгаан байна вэ?

-Би үндэслэлүүдээ тодорхой хэлсэн байгаа. Хууль зүйн талаасаа Засгийн газарт хариуцлага тооцож, Ерөнхий сайдыг огцруулснаар Засгийн  газар бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэтэл хариуцлага тооцсон Засгийн газарт ажиллаж байсан хүнээ дахиж оруулж ирж байгаа нь буруу гэж үзсэн. Үүнээс том шалтгаан бол Оюутолгойтой холбоотой. Оюутолгойн гэрээний 34 хувийг худалдах үүрэгтэйгээр томилогдож байх вий гэж эмээж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор Оюутолгой Монголын ард түмэнд улам ашиггүй тал руу явах вий гэсэн айдас надад байна. Ийм учраас би эсрэг санал өглөө.

-Гэхдээ “Шударга ёс” эвсэл  дэмжихээр байр сууриа нэгтгэсэн байсан шүү дээ?

-Эвсэл 10 гишүүнтэй. Ингээд олонхиороо шийдвэрээ гаргасан байх. Би үүнд оролцоогүй.

Харин Х.Баттулга гишүүний хувьд бүлгийн хуралдаанд Ч.Сайханбилэгийг дэмжсэн ч чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцсонгүй, эсрэг санал өглөө.


С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж