С.Бямбацогт: УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой

Хуучирсан мэдээ: 2014.11.21-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой

Чуулганаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Ингээд түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Ардын нам төрийн үйл ажиллагаанд цаашид яаж оролцох вэ?

-УИХ-ын үйл ажиллагаанд манай намын бүлэг идэвхтэй оролцож байгаа. Хамгийн сүүлд эрх баригч нам Ерөнхий сайдын асуудлыг бүтэн 14 хоног ярьж төсвөө ч  хэлэлцэх сөхөөгүй байх үед МАН санаачилга гаргаж улс орны 2015 оны төсвийг цаг хугацаанд нь батлуулсан. Бид улс орон, ард түмнийхээ төлөө цаашдаа идэвх санаачилгатай ажиллах болно.

-Шинэ Ерөнхий сайдын тухайд ямар бодолтой байна вэ?

-Сая чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг хямралыг даван туулахын төлөө ажиллана гэдгээ хэлж, улс орон хямралтай байгааг хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь энэ хүмүүс Ардын нам л дандаа бүхнийг харлуулах юм гэдэг байсан. Харин Ч.Сайханбилэг хямралаас гаргахын тулд бүх анхаарлаа чиглүүлнэ гэж хэлсэн нь алдаагаа хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм.

-Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд Ардын нам оролцсонгүй. Засгийн газарт Ардын нам хамтрахгүй гэж ойлгож болох уу?

-УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой. Асуудлыг өөрсдөө бий болгосон, өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Сайдад нэр дэвшигчдийн асуудлыг шийдэх үед танай бүлэг чуулганы хуралдаанд оролцох уу?

-Хэнийг нэр дэвшүүлэхээс шалтгаалж тухайн үед асуудлыг ярьж байж шийднэ. Бид зөв бодлогыг дэмжиж, буруу бодлогыг шүүмжилж ажилладаг. Шинэ Засгийн газрын зөв бодлогыг дэмжинэ. Харин өмнөх шигээ буруу бодлого явуулбал хариуцлагын асуудал дахиад яригдана.
 


С.БАЯСГАЛАН

Эх сурвалж http://www.info.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж