Испанийн герцогийн ахайтан Альбагийн таалал төгссөн мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн эхний хуудсуудыг дүүргэжээ. Герцогийн 18 дахь үеийн ахайтан Альба 2014 оны арваннэгдүгээр сарын 19-нд Испанийн Севилья хотод 88 насандаа таалал төгсчээ. Хотын мэр өөрийн твиттер хуудаснаа “донна Каэтана бүхий л насаа хотод зориулсан ба хотын оршин суугчдын сэтгэл зүрхэнд мөнх үлдэнэ” гэж бичжээ. Герцогийн ахайтан сүүлийн үед хүндээр өвчилж, долоо хоногийн өмнө “Саградо Корасон” эмнэлэгт хэвтсэн байсан юм байна.
Түүнийг чухам яагаад европын хэвлэлүүд ийнхүү онцлох болсныг та гайхаж байна уу. Энэхүү ахайтан юугаараа тийм их алдартай талаарх сонирхолтой мэдээллүүдийг танд хүргэе.
ДЭЛХИЙН ХАМГИЙН ОЛОН ЦОЛ ХЭРГЭМТЭЙ
Герцогийн ахайтан Альбагийн бүтэн нэр нь Мария дель Росарио Каэтана Альфонса Виктория Евгения Франциска Фитц-Жеймс Стюарт Сильва. Тэрээр 1926 оны гуравдугаар сарын 28-нд Мадрид хотноо төржээ.
Дэлхийн хамгийн олон цол хэргэмтэй хүн хэмээн Альбаг Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэсэн байна. Тэрбээр Герцогийн ахайтны 7, маркизын ахайтны 23, гүнгийн ахайтны 19 цол хэргэмтэй. Альбагийн омог Испанийн эртнийх бөгөөд Альба гүн цолыг анх 1429 онд гарган тогтоожээ.
Залуу насандаа ахайтан Франц, Их Британид амьдарч байлаа. Таван хэлээр чөлөөтэй ярьдаг. Төрөлх испани хэлнээс гадна англи, франц, герман, итали хэлийг сайн мэддэг байлаа.
НӨХРҮҮДИЙН ПАРАД
Герцогийн ахайтан Альба 1947 онд анх нөхөрт гарч байжээ. Түүний сонголт нь герцог Сотомайор Луис Мартинес де Ирухо-и-Артаскоса (1919-1972) байсан ба хосууд зургаан хүүхэдтэй болсон юм. “The New York Times” сэтгүүл тэдний гэрлэлтийг “дэлхийн хамгийн үнэтэй хурим “ хэмээн тухайн үедээ нэрлэж, ихээхэн шуугиан тарьж байсан юм.
Нөхрөө нас барснаас 6 жилийн дараа буюу 1978 онд Альба ахайтан иезуит шашны лам Хесус Агирретай гэрлэлээ. Хамба 2001 онд таалал төгссөн юм. Ингээд бэлэвсэн үлдсэн ахайтан 10 жил ганц бие явсны эцэст төрийн албан хаагч Альфонсо Диес гэгчтэй гэрлэв. Энэ гэрлэлтийг хүүхдүүд нь эрс эсэргүүцэж байсан ч 85 настай ахайтан сүр дуулиантайгаар хуримаа хийсэн юм.
ТЭРБУМ ЕВРОГОО ХҮҮХДҮҮДДЭЭ ХУВААВ
Энгийн албан хаагчийн ажилтай нөхрөө өөрийнхөө өв хөрөнгөд шунаж гэрлэсэн хэмээн хэлүүлэхгүйн тулд тэрбум шахуу еврогоор үнэлэгддэг бүх хөрөнгөө өөрийн зургаан хүүхдэд хуваан өгсөн юм. Мөн Испани дахь хэд хэдэн шилтгээн, урлагийн цуглуулгаа тэдэнд хуваан шилжүүлжээ.
ШАГГҮЙ ЗОХИОЛЧ
Язгууртан хатагтай 2011 онд “Би, Каэтана” гэсэн дурсамжийн номоо хэвлүүлжээ. Хоёр жилийн дараа түүнийхээ үргэлжлэл болох “Амьдрал намайг юунд сургав” гэсэн номыг гаргалаа. Хэргэмт хатагтай Каэтана Фитц-Жеймс Стюарт тун сонирхолтой амьдралыг туулсан ба Жаклин Кеннеди, Ив Сен Лоран, Том Круз зэрэг дээдсийн хүрээний алдартнуудтай ч чамгүй найзууд байжээ. Тиймээс түүний өөрийн тухай бичсэн намтар номууд олны анхаарлыг ихэд татаж байсан юм.
САЙН ҮЙЛСТЭН
Өөрийн гарал үүслийнхээ дагуу Альба “энгийн баячуудын” эгнээнд уусаагүй. Ихээхэн ажил хэрэгч чанар нь түүнийг бүхий л салбарт нөлөөтэй хүн болгосон байлаа. Шотланд тусгаар тогтносон бол тус орныг 1371-1603 онуудад захирч байсан Стюартын овгоос гаралтай учраа Альба Шотландын хаан ширээнд суух гол хүн хэмээн нэрлэгдэж байсан юм.
Герцогийн ахайтан Испанидаа сайн үйлс бүтээдгээрээ алдартай. Олон буяны ажиллагаанд хандив өргөж, урлагийг үйл ажиллаануудыг гар таталгүй ивээн тэтгэдэг байснаараа алдартай. Мөн нийгмийн доод давхаргынханд хандсан буяны сангуудыг түүний гэр бүлийнхэн ивээн тэтгэн ажиллуулдаг юм.
Герцогийн ахайтны нэг сул тал нь гоо сайхны мэс засал байсан нь шууд харагдана. Залуу насаа авч үлдэх гэсэн ахайтны оролдлого төдий л сайн үр дүн авчраагүй ч түүнийг энэ дутагдлын талаар ард иргэд нь ярих ч дургүй. Учир нь сайн үйлсийн эзэн, хүндэт ахайтны олон сайхан чанарын дэргэд энэ нь өчүүхэн зүйл хэмээн үздэг байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР