Азийн элсний наадмын Орчин үеийн таван төрөлтийн тэмцээнийн ганцаарчилсан төрөл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Тайландын Пукет хотод боллоо. Эрэгтэй гараанд 8 орны нийт 16 тамирчин оролцсоноос БНСУ-ын тамирчин Jun Woongtae (17.57 минут), Lee Jihun нар алт, мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын Li Shuhuan хүрэл медаль хүртлээ.
Монголын орчин үеийн таван төрөлтийн тамирчин Мөнх-Эрдэнийн Итгэл, Эрдэнэбатын Уянга нар Азийн элсний наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. Эрэгтэйчүүдийн төрөлд М.Итгэл туршлага дутаж, сүүлийн байр эзэлсэн боловч тамирчин Э.Уянга тэмцээний турш Тайпэй, Узбекстан, Филиппин, Тайланд, Энэтхэг зэрэг орны тамирчидтай энэ зэрэгцэхүйц өрсөлдөж Тайпэй, Энэтхэг, Узбекстаны тамирчдыг ардаа орхин 12-р байранд орлоо. М.Итгэл 24.48 минутад, Э.Уянга 26.30 минутад зайгаа дуусгасан байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр (11.21) манай 2 тамирчин холимог буухиа төрөлд өрсөлдөх юм.
Пукет хотод ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.