Төгсгөлийн нэгдсэн хуралдаанаар Их хурлаас гаргах уриалгын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийг тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Энхболд танилцуулсан юм. Монгол орондоо ардчиллыг төгөлдөржүүлж, дундаж иргэн давамгайлсан нийгмийг цогцлоож, авлига, хүнд суртлаас ангид байж, Монголоо шинэчлэн хамтдаа хөгжихийг их хурлын төлөөлөгчид уриаллаа. Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хүний хүчин зүйлийг хязгаарлах, Монгол Улсын хөгжлийг хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжүүлэх, гүний усны нөөцийг стратегийн нөөцөд бүртгэх, Хөвсгөл далайг Монгол Улсын усны үндсэн нөөц хэмээн хамгаалалтад авах, байгаль цаг уураас хамааралтай мал аж ахуйг хөтлөх арга барилыг өөрчлөх, ганц улсаас хамааралтай түүхий эдийн үнийг хяналттай болгож “Мах-сүү-ноос” хөтөлбөр хэрэгжүүлэх, сайн төлөвлөлт, эрүүл экологитой Шинэ Улаанбаатарыг хөгжүүлэх, боловсролыг олон улсын жишигт нийцүүлэх зэргийг их хурлаас гаргах уриалгад багтаасан байна.
Шүүхийн байгууллагыг шинэчлэх, удирдлагад нь хариуцлага тооцох, улс төр, эдийн засгийн олигархийн бүлэглэлийн үйл ажиллагаа, шүүхийн дампуурсан байгууллагын эсрэг ажиллахыг монгол түмэндээ сонордуулахыг уриалснаар их хурал өндөрлөлөө.
Хурлын дараа Их хурлын төлөөлөгчид Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний дэргэд дурсгалын зураг татуулав.
Д.ОЮУН