-Танай намын дарга М.Энхсайханыг "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн явдал олны анхаарлын төвд байна. Энэ асуудалтай холбоотойгоор танай намын гишүүд хуралдаж, ярилцаж байгаа гэсэн. Ямар нэгэн тодорхой шийдвэр гаргах уу?
-Болж байгаа үйл явдалтай холбоотойгоор намын Удирдах зөвлөлийн хэмжээнд ярилцаж, мэдээлэл солилцсон. Харин албан ёсоор хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Энэ бүхэнд анализ хийж, дүгнэлт гаргана.
-Тэгээд дүгнэлтээ эцсийн байдлаар гаргасан уу. Намынхаа даргатай уулзаж байгаа юу?
-Уулзаж байгаа. М.Энхсайхан даргыг чөлөөлсөн шалтгаанаа Засгийн газрын бодлогоос зөрсөн гэж тайлбарласан байна лээ. М.Энхсайхан дарга "Монголын төмөр зам" компанийг хариуцан ажиллаж байхдаа бидэнд ажлаа байнга танилцуулдаг байсан. Энэ утгаараа ажлынх нь талаар бид нэг мөр ойлголттой байсан. Тэнд Засгийн газрын бодлогоос зөрсөн, гажуудуулсан зүйл харагдахгүй байгаа. Салбарын сайд нь болохоор Засгийн газрын бодлогоос зөрсөн учраас гээд ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, чөлөөлүүлсэн. Харин Ерөнхий сайд өөр бодолтой байгаа. Өөрөөр хэлбэл, энэ төвшний албан тушаалтныг чөлөөлөхдөө ийм асуудал байна гэдгийг Ерөнхий сайдад танилцуулж зөвшилцөөд шийдвэр гаргах ёстой байж л дээ. Гэтэл танилцуулахгүйгээр маш хурдан шуурхай шийдвэр гаргуулсан. Тиймээс бид үүнийг нь Засгийн газар гэхээсээ илүү салбарын сайдынх нь хувийн үзэл бодлоос ургаж гарсан шийдвэр гэж дүгнэж байгаа.
-А.Гансүх сайд дангаараа Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Засгийн газрыг А.Гансүх сайд ганцаараа төлөөлөх эрхгүй шүү дээ. Ажлаас чөлөөлүүлэх хүсэлтдээ бичсэн Засгийн газрын бодлоготой зөрчилдөж байна гэдэг нь юуг хэлээд байгааг ойлгохгүй байна. Төмөр зам барих асуудлыг Засгийн газар УИХ-д танилцуулж, шийдвэр гаргуулна гэсэн заалттай. М.Энхсайхан гэдэг хүн зөв, эсвэл буруу бодсон байж болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргана. Тиймээс М.Энхсайхан даргатай ойлголцоод ажиллая гэж бодсон бол "Энэ тал дээр буруу бодож байна. Энэ чинь бол зөв" гэх маягаар харилцан ойлголцоод ажиллах бололцоо байсан гэж харж байгаа. Гэтэл ингэсэнгүй. Тиймээс би хувь хүнийнхээ хувьд цаана нь өөр ашиг сонирхлын асуудал байна гэж үзэж байгаа.
-Өөр ашиг сонирхол гэдэг нь юу вэ. Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь М.Энхсайханыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой гэх юм. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Ер нь манай төрийн байж байгаа царай л энэ шүү дээ. Нэг нам нь гарч ирэхээрээ албан тушаалуудаа бүлэг фракцаараа хувааж авдаг. Хаанаас ямар шугамаар албан тушаалд томилогдсон гэдгээрээ нөгөө албан тушаалтандаа нөлөөлөх магадлал өндөр болсон. Иймэрхүү байдлаар төрийн шийдвэр гарч байгаа нь туйлын харамсалтай. Тэгэхээр Ерөнхий сайд болон Засгийн газрынхаа хэмжээнд ярилцаад энэ нөхрийг ажлаас нь чөлөөлөе гэж шийдсэн бол өөр хэрэг. Гэтэл ингэхгүйгээр төрийн байгууллагыг өөрийнхөө хувийн компани шиг боддог хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрын өмнөөс Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг. Энэ хүнээр ажил хийлгэе гэж томилсон. Ажил хийх гэж оролдож байна. Олон асуудал төлөвлөж байна. Тиймээс сайн, муу зүйлээ Ерөнхий сайдтай ярилцаж ойлголцож байж ажил урагшаа явна гэж ойлгож байгаа. Харин ингэхгүйгээр дур дураараа асуудлыг шийдээд байх юм бол асуудал түвэгтэй л болох байх. Бид асуудалд ганцхан өнцгөөс л харж сурах хэрэггэй. Энэ бол үндэсний эрх ашиг гэдэг өнцөг байх естой. Нэг сонин дээр нийтлэл байдлаар зарцуулж болохгүй гэдэг М.Энхсайхан битгий хэл мянган М.Энхсайханаас салсан ч яахав гэсэн утгатай.
Үнэхээр үндэснийхээ эрх ашгийн төлөө гэж ийм шийдвэр гаргасан бол ярих зүйл алга. Гэтэл ажлаас чөлөөлүүлэх болсон үндэслэл, М.Энхсайхан даргын танилцуулж байсан асуудлаас харахад тийм биш гэдэг нь ойлгомжтой.
-Засгийн газрын бодлогоос зөрсөн гээд байгаа М.Энхсайхан даргын байр суурь бол 1.5тэрбум ам.долларын бондын санхүүжилтээр Тавантолгойг Гашуунсухайттай нарийн царигтай төмөр замаар холбоно гэсэн байр суурь гэж ойлгож байгаа…
-Би бүрэн хэмжээний мэдээлэлгүй байна. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол 1800 км төмөр зам тавих асуудлыг Х.Баттулга сайд болон салбарынх нь яамнаас зүтгүүлж байгаа гэж ойлгож байна. Энэ бол зөв. Манай улсад төмөр зам маш чухал. Гэхдээ хаанаас эхэлж барих вэ гэдэг нь эхний асуудал. Бондын санхүүжилтийг хурдан хугацаанд мөнгө олох хэсэг рүү шингээж, тэндээсээ олсон мөнгөөрөө дараа дараагийнхаа замыг тавих нь М.Энхсайхан даргын бодлого. Харин өмнө нь энд тэнд овоолсон шороон далангийнхаа дагуу олон газар төмөр зам тавих нь Х.Баттулга сайд болоод Зам тээврийн яамны бодлого гэж ойлгож байгаа. 1800 км замыг бүхэлд нь барих санхуүжилт, зураг төсөл нь байвал X. Баттулга сайдын бодлого зөв. Харамсалтай нь, зураг төсөл нь бүхэлдээ байхгүй байгаа. Зам барих трасс нь хүртэл батлагдаагүй байхад шороо овоолж далан босгочихоод байгаа. Үүнийхээ дагуу төмөр зам тавьж ард түмний нуруун дээр ирж байгаа их мөнгийг хариуцлагагүй байдлаар зарцуулж болохгүй гэдэг М.Энхсайхан даргын бодлого байсан. Үүнд нь үндэсний эрх ашиг, Засгийн газрын бодлогоос зөрсөн зүйл байгаагүй.
-Өргөн, нарийн царигтай төмөр зам тавина гэжзөрчилдсөн юм биш үү?
-Хүйтэн дайны үеийнх шиг царигийн өргөн нарийнд сөрөг ач холбогдрл өгдгөө болиххэрэгтэй. Хамгийн гол нь эдийн засгийн хувьд аль нь үр ашигтай гэдгийг л бодох хэрэгтэй. Ямар төмөр зам тавьж нүүрсээ зөөх вэ гэдэг талаас нь харвал нарийн цариг ашигтай гэдэг нь дэндүү ойлгомжтой. Нүүрсээ Орос руу гаргах гэж байгаа бол нэг өөр. Хятад руу гаргах гэж байгаа учраас нарийн царигтай төмөр зам тавих хэрэгтэй. Хятад нарийн царигтай учраас нүүрсний тээвэр хурдан болно гэсэн үг. Мөн эдийн засгийн хувьд зардал багатай.
-М.Энхсайхан дарга албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн. Одоо танай нам ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргах уу. Засгийн газраас гарна гэсэн таамаг дэвшүүлээд эхэлсэн хүмүүс бий…
-Эндээс М.Энхсайхан дарга, эсвэл манай нам хохирсон юм байхгүй. Харин төмөр зам гэдэг том төсөл амжилттай урагшлаасай гэсэн хүсэл бидэнд байсан. Энэ төслийг удирдаж хийж чадах хүн нь М.Энхсайхан дарга гэж найдаж байсан. Гэтэл ийм зүйл болчихлоо. Цаашдаа энэ төсөл хэр явахыгхарж л байя. Эцсийн ур дүн нь тэндээс л харагдана гэж бодож байна. МҮАН Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурин дээрээ бат зогсч байгаа. Өмнө нь ч энэ байр сууриа илэрхийлж байсан. Манай нам бол хэн нэгэн хүнээс шалтгаалж төрийг тогтворгүй болгох хэмжээний үйлдэл хийдэг нь биш. Асуудлын цаад талыг олж, шалтаг шалтгааныг нь тогтоожбайжл шийд гаргана.
-Засагт хамтарч байгаа намындарга, лидер хүн ямар нэгэналбан тушаал хаших ёстой байх.Тэгэхээр М.Энхсайхан даргыгдахин ямар нэгэн албан тушаалдтомилох болов уу?
-Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа намын дарга ямар нэгэн томоохон албан тушаал хаших ёстой гэсэн хууль байхгүй. Гэхдээ М.Энхсайхан гэдэг хүний мэдлэг боловсрол, туршлагыг Монголын төр ашиглах ёстой.
Энэ утгаараа Засгийн газар төмөр зам гэдэг том төслөө түүнд хариуцуулж өгсөн гэж бодож байгаа. Харамсалтай нь, үр дүнг нь үзэж чадсангүй.
Б.Шийлэгтөмөр
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин