Д.Батцогт: Магадгүй би хоёр намаа нэгтгэх гүүр нь ч болох юм билүү

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Д.Батцогт: Магадгүй би хоёр намаа нэгтгэх гүүр нь ч болох юм билүү

УИX-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа. Д.Батцогт нь Ардчилсан хүчний холбоо, “Шонхор” фракцид элсээд буй. Тэрээр АН-ын угшилтай нэгэн бөгөөд намдаа эргэн ирж буй бололтой.


-Та Ардчилсан хүчний холбоонд элссэн байна. Энэ сонголтыг ямар шалтаг, шаардлагаар хийв?

Ардчилсан хүчний холбоонд нэгдлээ. Сонголтыг гэнэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хийчихэж байгаа юм биш. Ардчилсан хүчний холбоог үүсэн байгуулагдсан цагаас нь эхлээд ул суурьтай ажиглаж байлаа. Сүүлийн үед энэ холбооноос бүсчилсэн чуулгыг хийж бүтээлч санаачилга гарган ажиллаж байгааг нь зөв зүйтэй гэж үзэж дэмжсэн. Бид сүүлийн 20 жил ардчиллын замаар замналаа.

20 жил гэдэг алдаа оноогоо цэгнэн зорилгоо улам төгөлдөржүүлэх хугацаа мөн үү гэвэл мөн. Иймээс ардчиллыг хөгжилтэйгөө уялдуулах шаардлага бий болсон гэж үзэж байна. Ардчилсан хүчний холбоо энэ чиглэлээр зөв хөдлөөд, чиг баримжаагаа зөв аваад байгаа нь харагдсан.

Иймд гишүүнээр үйл ажиллагааг дэмжээд явж байсан юм л даа. Ардчилсан хүчний холбоонд аль ч намын гишүүн харъяалагдаж болох нээлттэй байгууллага юм билээ. “Чуулга уулзалтад ирж оролцооч” гэсэн’урилга надад өмнө нь ч олон удаа ирж байсан. Хамгийн сүүлд “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье уриатайгаар нийслэлийн бүсийн чуулганыг хийх гэж байна” оролцооч гэсэн.

Солонгосын Пак Ерөнхийлөгчийн үед “Шинэ тосгон” хөдөлгөөн өрнөж байсан даа. Тэр хөдөлгөөний гол баатрыг урьж лекц уншин “Хөдөлмөр хүнийг, амьдралыг нь өөрчилж чаддаг юм” гэсэн практикт суурилсан мэдээллийг өгсөн. Өнөөдөр Монголд хүнийхээ тархитай ажиллаж хүнээ өөрчлөх, хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарсан байна.

Хөдөлмөр хийж байж сайхан амьдарна гэдгийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Социализмын үед ч гэлээ хоньчин баатар Цогтгэрэл, аж үйлдвэрийн баатар Гүнжинлхам гэх мэтээр салбарт манлайлагч баатрууд тодрон гардаг байсан.

Тэд залууст үлгэр дуурайл болж, ажилласнаар амжилтад хүрч болох юм байна гэдэг сэтгэлгээг төрүүлдэг байлаа. Энэ мэтээр Монголын төр хүндээ анхаарах шаардлага гараад байгаа. Ардчилсан хүчний холбооны энэ бүх үйл ажиллагаа таалагдсан тул хамтраад гар нийлэн ажиллаад үзье гэж сэтгэл шулуудсан учраас албан ёсоор элссэн.


-Ардчилсан хүчний холбоо гэдэг төрийн бус байгууллага. Бас “Шонхор” фракцид нь та элссэн юм биш үү. АН-ыг бус нам доторх фракцийг нь ямар учраас сонгох болов?

Ардчилсан хүчний холбооны хуралд оролцох үеэр надад Шонхор гардуулсан. “Шонхор" гэдэг нь фракц гэхээсээ клуб юм билээ. З.Энхболд дарга ч зарлахдаа “Шонхор клубд элссэн учраас Шонхор гардуулж байна” гэж мэдэгдсэн. Ер нь би анхнаасаа л ардчиллыг Монголд төгөлдөршүүлэхэд зүтгэсэн хүн.

Хувьсгалд нь жагсаж цуглаанд оролцоогүй ч гэлээ анх МҮАН үүсэн байгуулагдаж улмаар таван нам нийлж АН болоход би тэргүүн эгнээнд нь явж, ҮЗХ-нд олон жил зүтгэж байлаа. Сүүлд ҮШН байгуулагдаж тусдаа гарахад ардчиллыг өөр арга замаар хөгжүүлэх шаардлага байна гэж үзээд л явсан. Тэгэхээр АН, ардчилал, Ардчилсан хүчний холбоо надаас тийм ч хол зүйл биш.


-АН-ын нэг фракцид элслээ. Удахгүй АН-д элсэнэ гэсэн үг үү?

Ний нуугүй хэлэхэд АН-д орооч гэдэг санал ирж байгаа. Одоогоор шийдчихсэн зүйл алга. Гэхдээ “Яагаад болохгүй гэж” гэдэг бодол сүүлийн үед төрөх болсон. Учир нь энэ намыг үүсгэн байгуулалцаж, энэ намын төлөө зүтгэсэн. Тэр байтугай Ховд аймгийн АН-ын байрыг хүртэл би бариулж байсан, ийм түүхтэй.

Хэсэг хугацаанд намаасаа салж явахдаа барууны үзлийнхээ дагуу л үйл ажиллагаа явуулсан. Бид АН-аас гарч явахдаа ардчилсан үзлээ, үндэсний үзэлтэйгээ хамт хөгжүүлж байж төгөлдөршинө. Даяаршил, глобалчлалын үед монголчууд үндэсний үзэл, ардчилсан үзлийг хамтад нь хөгжүүлж байж зөв замнана гэдэг л зүйлийг ярьж, зорьж нам байгуулаад явсан болохоос хэзээ ч ардчиллаас ухарч байсангүй.

Заримдаа хүмүүс МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслээс сонгогдсон болохоор намайг МАХН-ын гишүүн гэж ойлгоод байх шиг байгаа юм. МАХН-тай МҮАН эвсэж сонгуульд оролцсон болохоос би тэр намын чиг баримжааг дэмждэг, элссэн гэсэн үг биш. Би анхнаасаа л ардчиллыг сонгосон, хэзээ ч ардчиллаас ухрахгүй.


-Ц.Цолмон гишүүн МҮАН- аас татгалзсан. Одоо та. МҮАН-д үлдэж буй нөхөд чинь юу гэж үзэж байгаа бол. М.Энхсайхан даргаас эхлээд бусад нөхөдтэйгөө санаа бодлоо солилцов уу?

Би МҮАН-аас гараагүй байгаа гэдгээ нэгдүгээрт хэлчихье. Хоёрдугаарт шууд утгаараа МҮАН бол АН- ын тасархай. Миний хүсэл МҮАН маань АН-тайгаа эргээд нэгдээд яваасай гэдэгт оршдог. Энэ хүслээ найз нөхөддөө ч ярьдаг. АН- аас олон нам тасарч, эргэж нийлээд явсан түүх бий. Цаашид бид энэ чиглэлээр хамтарч, үзэл бодлоо нэгтгэж АН-аа улам хөгжүүлэхээр ажиллаж яагаад болохгүй гэж.

Ганцхан АН, МҮАН битгий хэл дэлхий даяараа хүчээ нэгтгэх, эв нэгдэлтэй байх гэсэн чиг хандлага руу яваад эхэллээ шүү дээ. Би энэ тухайгаа ч нам дотроо нээлттэй ярьдаг. Энд нууж хаагаад байх зүйл ерөөсөө байхгүй. Яг одоо эцэслэн шийдэгдсэн зүйл үгүй болохоор бусдынхаа өмнөөс би ярих хэрэггүй байх. Магадгүй би хоёр намыг нэгтгэх гүүр нь ч болох юм бил үү.


-Таны энэ саналыг намын удирдлагууд чинь хэрхэн хүлээж авдаг юм бол?

Ер нь дургүй биш шүү дээ. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан дарга АН-ыг удирдаж л байсан. Бид АН-д зүтгэж л байсан. Тухайн үед үндэсний үзлээ дээдлэх, түүнийг олон нийтэд сэрээн сануулах зайлшгүй шаардлага байна гэж үзээд л өөр нам байгуулсан. Түүнээс биш огт өөр үзэл аваад л өөр тийшээ гүйчихээгүй. МҮАН бол шударга ёс, ардчилал, үндэсний үзлийг тулгын чулуугаа болгож дээдэлж явдаг.
МоАХ түүхэнд үүргээ гүйцэтгэсэн гэж би үздэг, монголчууд ч тэгж үздэг байх.
-Тойргийн сонгогчид юу гэх бол гэсэн асуулт бий. Д.Батцогтыг МҮАН- ын гишүүн гэдгээр нь сонгочихоод байхад та замаасаа гажих гээд байдаг?

-Би сая бүх сумдаараа орон сонгогчидтойгоо уулзаад ирлээ. Би эвслийн бүлгээс гарсан гэдгээ нээлттэй хэлээд явсан. Харин ч манай сонгогчид намайг эвслийн бүлгээс гарсныг дэмжиж байсан. Олон буурлууд өөрийн гэсэн толгойтой, бие даагаад шийдвэр гаргаад явж байгаад талархалтай хандаж байгаагаа хэлж урам зориг өгсөн. “Эвслээс гарсан чинь буруу” гэх нэг ч хүн тааралдаагүй.


-Эвслийн бүлгээс гарах болсон чинь таны энэ үзэлтэй холбоотой юу?

Олон учир шалтгаан байсан. Сонгуульд эвсэж орсон нь улс төрийн сонголт байсан ч яг үнэндээ МАХН, МҮАН-ын үзэл баримтлалын зөрүү нэг тогоонд багтах  аргагүй учраас ялгарал гарч эхэлсэн. Яахав, сонгуулиас өмнө МАНАН-гийн засаглал, тухайн үеийн эрх баригчдын явуулж байсан бодлого, бүх зүйл дээр шүүмжлэлтэй хандахад долгион таарч байж.

Сонгуулиар гарч ирээд, бүлэг болоод, УИХ-ын шийдвэр гаргах түвшинд ажиллаад ирэхээр арга барилын зөрүү нь ялгараад гараад ирсэн. Зөрчилтэй олон зүйл байсан. Би одоо бүлгээс гарчихаад бусад руугаа эргэж олон юм яриад яахав. Олон зөрчил илэрч байсныг л хэлье.

Үүнээс болж би өөрийнхөө замаар явсан дээр юм байна, толгойгоороо толгой хийгээд явъя, сонгогчдынхоо, ховдчуудынхаа төлөө л хийх ажлаа амжуулъя гэж шийдсэн. Бүлгээсээ гараад жил боллоо. Энэ хугацаанд намууд намайг “ороод ирээч’’ гэсэн саналыг тавьж байгаа.


-Тэгэхээр таны тэргүүлж байсан Ард түмний амлалт нэхэх холбоог “Д.Батцогтын улс төрд орох гэсэн амбицыг ахиулах шат нь байжээ” гээд бичээд эхэллээ. Үнэхээр танай холбооны үйл ажиллагаатай бүхнийг улс төрд орсноор сааралтаж, бүдгэрэх шиг болсон?

Монголын Ардчилсан холбоо гэж байгуулагдаад ардчилсан хувьсгал явагдсан. МоАХ түүхэнд үүргээ гүйцэтгэсэн гэж би үздэг, монголчууд ч тэгж үздэг байх. Түүнтэй адил Амлалт нэхэх ард түмний холбоо нийгмийн захиалгаар бий болж түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Тухайн үед Монголын хоёр том нам ирээдүйгээ барьцаалсан их өрийн суурь болох популист амлалтуудыг өгсөн. Өөрөөр хэлбэл нэг сая, 1.5 сая төгрөг гэх мэтээр санал авахын тулд, ялахын тулд араа тооцоолоогүй амлалтуудыг өгсөн.

Ард түмэн ч түүнд нь итгээд саналаа өгсөн. Ингээд сонгосон сонгогчид амлалтын нөгөө их мөнгийг нь хүлээж эхэлсэн. Бүр урьдчилаад өр тавиад эхэлсэн шүү дээ. Амласан тал нь таг болчихоор энэ амлалтыг нэхэх зайлшгүй шаардлага гарсан. Би хувь зохиолоор тэргүүнээр нь ажиллаж, үүргээ гүйцэтгэсэн. Уянга бид хоёр Монгол орноо бүтэн тойрч амлалт нэхэх шаардлага гарцаагүй байгаа эсэхийг судлаад нэхэх нь зөв юм байна гэсэн шийдвэрийг гаргасан.

Бид хууль тогтоогчдыг “Сонгуулиар мөнгө амлаж болохгүй" гэсэн үг үсгийг хуульд оруултал Монгол орноо, 21 аймгаа бүтэн гурван удаа тойрч хэдэн зуун уулзалт зохион байгуулсан байдаг. Ингэж тэмцээгүй байсан бол өнөөдөр сонгуулийн популист амлалтын тоо хэдэн саяд хүрч, монголчуудын ирээдүй хэний гарт орох байсныг нэг бодоод үзээсэй гэж би хүсдэг. Амлалт нэхэх ард түмний холбоо Монголын түүхэнд зорилгоо 100 хувь биелүүлсэн гэж бичигдэж үлдэнэ гэдэгт би итгэдэг. 1-1,5 сая төгрөгийг өнөөдөр хагас дутуу олгоод байгаа.

Гэхдээ манай холбооны, миний гол зорилго ирээдүйгээ барьцаалсан их мөнгөний популист амлалтыг таслан зогсоох байсан. Үүнийгээ хийж чадсан. Аливаа ажилд зорилго гэж байдаг байх аа. Тэгвэл Амлалт нэхэх ард түмний холбоо ингэж хуульчлуулан байж зорилгодоо 100 хувь хүрсэн. Тухайн үеийн популист амлалтын хор уршгийг бид одоо ч амссаар л байна. Тухайн үед жагсаж, өлсөж тэмцээгүй байсан бол ямар улс орон болон хувирах байсныг ёстой таашгүй.

Энэ утгаараа манай холбоо улс орноо хөгжүүлэх бодлого уралдуулж сонгуульд оролцдог тогтолцоонд шилжихэд томоохон хувь нэмрийг оруулсан. Хоёрдугаарт би өнөөдөр Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн гэхээсээ УИХ-ын гишүүн гэдэг статустай болоод байгаа. Манай ард түмэн намайг сонгосон, Магадгүй холбооны тэргүүн, тэмцэл өрнүүлж чаддаг, ард түмний төлөө явдаг гээд сонгосон байж болох.

Гэхдээ сонгогчид миний нэрийг дугуйлахдаа “УИХ-д ороод үймүүлээд байгаарай гэж бус биднийг зөв төлөөлж ажиллаарай” гэдэг даалгаврыг өгсөн гэж би ойлгодог. Миний зөв, бурууг сонгогчид л шүүнэ.


-Саяхан АН, МАН-ын эсрэг, амлалтыг нь нэхэн тэмцэж байжээ. Гэтэл өнөөдөр нэг намынх нь үүдийг татах гэж байдаг. Хэр ёс зүйтэй юм бол?

Аль ч нам, ямар ч улстөрч юуг ч амлаж болно. Түүнийгээ биелүүлдэг л байх ёстой. Хэрвээ амлалтаа биелүүлж чадахгүй юм бол “А” гэж дуугарахгүй байх хэрэгтэй. Энэ үзлийг төлөвшүүлэхэд манай холбооны үүрэг байсан. Одоо би тэдэнтэй нэг анги хамт олон гээд явж л байна.

АН, МАН-ын ч гишүүдээс намайг “Чи муу амлалт нэхээд зовоож байсан шүү” гэж хэлдэггүй, тийм хандлага гаргадаггүй. Энэ бол улс төрийн соёл. Алдаан дээрээсээ суралцах нь хэнд хэрэгтэй юм бэ. Улс төрийн намуудад, улстөрчдөд, монголчуудад ашигтай. Үүнийг манай ангийнхан хангалттай ойлгох ухамсартай хүмүүс.

Нөгөө талаар шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Батцогтын сонгуулийн үеэр ярьж, хэлж байсныг нэхэх эрх нь хэнд ч нээлттэй л байгаа шүү дээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж