Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж үзжээ

Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж үзжээ

АН-аас шинэ Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж, Үндсэн хуулийн 33.2-т заасны дагуу улс төрийн намуудтай зөвшилцөх албан бичиг явуулжээ. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, цаашид авч хэрэгжүүлэх  бодлого, хөтөлбөрөө сөрөг хүчнийнхэнд  танилцуулсан юм. МАН-ын бүлгийн хуралдааны дараа намын удирдах зөвлөл хуралдаж шинэ Ерөнхий сайдыг дэмжих эсэх талаар шийдвэрээ гаргажээ. Энэ тухай МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ерөнхий нарийн бичгийн  дарга Ж.Мөнхбат  нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар эдийн засгийг өнөөдрийн хямралт байдалд хүргэж, улс орныг өрийн дарамтад оруулсан шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг шинэ Ерөнхий сайд болгох АН-ын саналыг зарчмын хувьд дэмжих боломжгүй гэж үзжээ. МАН-ын удирдлагууд шинээр байгуулагдах Засгийн газар  нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг түргэн шуурхай шийдэж,  эдийн засаг, улс төрийн хямралтай байдлаас гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлогыг засч залруулах шаардлага ч шинэ Засгийн газрын өмнө тулгарч байгааг МАН-ынхан хэллээ. Тиймээс өмнөх Засгийн газрын үед  Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн тэдний шаардлагыг биелүүлж чадахгүй хэмээн үзсэн байна. Улс орны өмнө тулгарсан том бэрхшээлийг шийдвэрлэх  улс төрийн болон эдийн засгийн мэдлэгтэй, туршлагатай, УИХ дахь намын бүлгийнхээ дэмжлэгийг авч чадахуйц бусад улс төрийн намуудтай ойлголцож ажиллах чадвартай хүнийг АН-аас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлбэл ойлголцол, зөвшицөлд хүрэхэд бэлэн байгаа аж. МАН-ын удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү албан бичгийг өчигдөр өглөө АН-ын дарга З.Энхболдод өгчээ. МАН-ын Удирдах зөвлөл 21 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн 63 хувь нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэж үзжээ. Үүний дараа сэтгүүлчид МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэх асуудлаар МАН хоёр хуваагдаад байна гэсэн мэдээлэл гарсан. Эцсийн байдлаар ойлголцсон юм уу. МАН дараагийн засагт хамтрах уу?

Ж.Мөнхбат:  -Зарим сайтад ийм мэдээлэл гарсан нь ташаа гэдгийг албан ёсоор хэлье. АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх санал тавьсны дагуу даваа гаригт намын Удирдах зөвлөл хуралдсан. Мөн намын бүлгийн хуралдаанаар АН-ын дарга болон нэр дэвшигчийн байр суурийг сонссон. Үүний дараа намын бүлгийнхээ гишүүдийн саналыг сонссон. Түүнээс бүлэг энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл, санал хураалт явагдаагүй. Эцсийн шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөс гаргасан. Бүлэг нь нэг шийдвэр гаргаад, Удирдах зөвлөл нь өөр шийдвэр гаргасан юм биш. МАН-д засагт хамтрах эсэх талаар санал ирээгүй. Хүсэлт ирээгүй учраас бид хэлэлцээгүй. Хэлэлцээгүй учраас албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй.

-Р.Амаржаргал гишүүнийг хэрвээ санал болгосон бол та бүхэн дэмжинэ гэсэн үг үү?

М.Энхболд: -Тэр хүн, энэ хүний нэр орж ирсэн бол дэмжих байсан гэдэг дээр би шууд хариу өгмөөргүй байна. АН-ын ҮЗХ бидний тавьж байгаа шаардлагыг харгалзаж үзээд дараагийн хүнээ оруулж ирэхэд бид зөвшилцөхөд бэлэн байгаа.
-УИХ-ын тэр гишүүн, энэ гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлбэл бид дэмжинэ гэх маягаар шууд нэр зааж болдоггүй юм уу?

С.Бямбацогт: -Сая намын удирдлагууд тодорхой хариуллаа. Асуудал үүсээгүй байхад бид болзол тавьж, тийм хүн нэр  дэвшүүлбэл дэмжинэ гэх мэтээр нэр зааж хэлэх боломжгүй. Энэ бол УИХ-д олонхи болоогүй ч олон суудалтай АН, хамтран ажиллаж байгаа "Шударга ёс" эвсэл, ИЗЗН-ын шийдэх асуудал. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т "Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ" гэж заасан байдаг. Энэ хүрээнд олон асуудалтай нам бусад намтай зөвшилцөж байгаа. Хэрвээ энэхүү зөвшилцөл амжилтгүй болбол дараа нь УИХ-д суудалтай намууд зөвшилцөх хуулийн заалттай. Энэ хүрээнд л асуудал яригдана.

-МАН цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ямар нэг гацаа үүсгэхгүйгээр явах байсан юм биш үү. Магадгүй ард түмэн танай энэ саналыг нааштай хүлээж байгаа шүү дээ?

С.Бямбацогт: -Ер нь МАН 2012 оноос хойш үндэсний зөвшилцлийн асуудлыг ярьж байгаа. 2012 оны сонгуулийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол Улсаа хөгжүүлэх нэгдсэн бодлоготой болъё, үүн дээр улс төрийн намууд зөвшилцье гэдэг санааг тусгах саналыг тавьж байсан. Харамсалтай нь бидний саналыг хүлээж аваагүй. МАН-ын 27 дугаар их хурлаар бүтэц, зохион байгуулалтын асуудлаас гадна Монгол Улсын хөгжлийн зорилтын тухай хөтөлбөрийг баталж, улстөржиж талцахгүйгээр улс орноо хөгжүүлэх бодлогыг дэвшүүлж ард иргэддээ уриалж байсан. Гэвч өнөөдрийг ажил болж явж чадахгүй байна. Гэхдээ заавал Засгийн газарт хамтрах бус улс орны хөгжил, ард түмний сайхан амьдрал, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө бид парламентад дуу хоолойгоо илэрхийлж ажиллана.

М.Энхболд:  -Бид олон асуудлаар эрх баригчдад хандаж байсан. Намын 27 дугаар их хурлаас хойш улс төрийн намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон үндэсний зөвшилцлийн уулзалтыг найман удаа хийсэн. Инфляцтай уялдуулж жил бүр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харин эрх баригчид энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа. Хэрвээ хэлэлцвэл цалин тэтгэвэр, үнийн өсөлт хоорондоо уялдаж иргэдийн ахуй амьдралд хүндрэл бэрхшээл үүсэхгүй байх боломж бүрдэх юм.

2015 оны төсвийн хувьд МАН-ын бүлэг хуулийн хугацаанд нь батлахын тулд бараг өргөн барьсан эрх баригч шиг ажилласан. 14 хоногийн дотор  төсвийн асуудлаар найман удаа хуралдсан. Цалин тэтгэврийг төсөвт тусгагдсанаас ч илүү нэмэгдүүлэх, урсгал зардлыг үүнээс ч илүү бууруулах саналтай байсан. Харамсалтай нь батлагдаж чадаагүй. Одоогийн батлагдсан төсвөөр цалин тэтгэврийг 15-20 хувиар нэмэгдүүлэх эх үүсвэр тавигдсан. Ер нь он гараад төсөв хэрэгжихэд хүндрэл бэрхшээл учрах байх.  Тодотгол хийх үеэр цалин тэтгэвэр нэмэгдүүлэх чиглэлээр  дахин шаардлага тавьж ажиллана.

-Хэрвээ танай намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй гэвэл УИХ дээр унах боломжтой. Засгийн газаргүй 14 хонож байна. Улс орны эрх ашгаа бодоод асуудлыг цааш нь явуулчихаж болдоггүй юм уу?

-Арваннэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд огцорсон. Бид арваннэгдүгээр сарын 17 хүртэл эрх баригчдыг Ерөнхий сайдад нэр дэвшигчийнхээ талаар саналаа ирүүлэх болов уу гэж харсан. Хоёр долоо хоногийн турш АН хоёр ч удаа төлөөллийн байгууллагынхаа хурлыг хийх гэж хугацаа алдлаа. Бид засаг төрийг байгуулах асуудал дээр ямар нэг саад бэрхшээл болоод байгаа зүйлгүй. 17-нд өгсөн бичгийн хариуг 18-ны хурлаараа шийдээд нэг хоногийн дотор өглөө. Бид эрх ашгийг эрэмбэлж байгаа. Ер нь Засгийн газрыг хурдан байгуулж өгөх, засаг төр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах гэдэг зарчмын байр суурин дээр бид байгаа. Гэхдээ шинэ Засгийн газрын ажиллах нөхцөл бололцоо, тэнд ажиллах хүмүүсийн чадвар, өмнөх Засгийн газрын алдааг засах залруулах, ингэж байж улс орны эдийн засагт нааштай ахиц өөрчлөлт гаргах ёстой гэдэг зарчмын асуудал нь цаг хугацаанаасаа илүү ач холбогдолтой гэж ойлгож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж