УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж амжсан уу, та?
-Гарт ирээгүй болохоор танилцаж амжаагүй. УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр /өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт/ хуралдаад Засгийн газар 2015 оны төсвийн хуулийн төслийг эргүүлэн татаж, дахин өргөн мэдүүлэх шаардлагатай гэж үзсэн. УИХ-д өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төсөл задаргаагаараа орж ирээгүй, мөн бүтцийн өөрчлөлтийг төсөвтэй уях шаардлага үүссэн учраас дээрх шийдвэр гаргасан.
-Хэзээ мөдгүй Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан яамдыг удирдах шинэ сайдуудыг санал болгоно. Парламентаас томилох ёстой юу эсвэл гаднаас уу. Та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага, уриалгыг дэмжиж байгаа. УИХ намар, хаврын чуулган дамнуулан “Давхар дээл”-ийг тайлах эсэх тухай ярьсан ч төслийг батлалгүй буцаасан. Цаашдаа ийм байж таарахгүй. УИХ, Засгийн газраа салгаж, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа хяналт тавиад, шахаж шаардаад ажилладаг тогтолцоо руу орох ёстой. Тийм учраас УИХ дотроос Засгийн газар байгуулахыг дэмжихгүй. Дахиж томилогдох сайд нарыг парламентын гаднаас санал болгоосой гэж бодож байна.
-Зөвхөн яамд нь нэгтгэгдсэн сайд нарыг гаднаас томилох ёстой юу?
-Гадаад харилцааны сайдаас гадна бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан яамдын гурван сайдын нэрийг санал болгох ёстой. УИХ-аас баталсан Засгийн газрын бүтцийн хуулиар бол…
-Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэснээр МҮАН-ын ганц суудал танагдаж болзошгүй байх шиг. Ардчилсан намын “Шонхор” фракцийн гишүүн болох сайд С.Эрдэнэ “Шонхор” сайдын суудлаа бусдад алдахыг хүсэхгүй байна, бусдын суудлыг ч булаах хүсэл алга” гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн?
-УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн телевизээр ярихыг нь үзсэн. Ардчилсан намтай Шударга ёс эвсэл хамтран Засгийн газрыг байгуулах үеийн гэрээ анхныхаараа буюу 75х25 хэвээрээ байгаа гэсэн. Энэ хүрээндээ шийдээд явах байлгүй. Гэрээг мөрдөх л ёстой.
-Засгийн газар танхимдаа сэлгээ хийгээд 13 яамтай болохоор цаашдаа хэр амжилттай ажилладаг бол?
-Засгийн газрын үйл ажиллагаа ч тэр, нийгэм, эдийн засгийн төлөв ч тэр тун сайнгүй байна. Эдийн засаг талаас нь авч үзвэл, төсвийн орлого 700 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан, оны төгсгөлд 1 их наяд төгрөгт хүрч болзошгүй. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэсэнгүй, 50 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн учраас ард иргэд, цалин тэтгэвэр нэмэхийг шаардаж байна. Ийм үед Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, яамдыг нэгтгэсэн нь ард иргэдийн бухимдлыг намжаах оролдлого юм болов уу даа. Түүнээс зургаан яамыг гурав болгоод, ингэснээрээ зардал хэмнээд Засгийн газрын үйл ажиллагаа сайжирчихна гэдэг юу л бол… Нэг их үр дүн хүлээхгүй л байна. Ерөнхий сайдын өргөн мэдүүлж, батлуулсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлт ч алдаатай байлаа шүү дээ.
-Яагаад бүтцийн өөрчлөлт алдаатай байсан гэж… УИХ олонхиороо “Зөв” хэмээн дэмжээд баталчихсан байхад?
-Яагаад гэвэл гол ажил нугалдаг яамдыг нэгтгэлээ шүү дээ. Тухайлбал, цахилгаан станцуудыг олноор байгуулъя, цаашлаад эрчим хүч экспортолдог болъё гэж зорилго тавьсан байж Эрчим хүчний яамыг нэгтгэлээ. Мөн уул уурхай бол өөрөө маш том салбар. Монгол Улсын эдийн засаг уул уурхайтай маш гүнзгий холбогдсон. Тийм учраас энэ хоёр том салбар тусдаа байх нь илүү их ажил хийх боломжийг олгох байсан. Өмнөх Засгийн газрын үед “Тусдаа байх ёстой хоёр том салбар” гэж л ярьдаг, шүүмжилдэг байсан шүү дээ.
Зам тээврийн яамны тухайд ч адилхан. Юу хийсэн юм бэ гээд л хоёр жилийн турш сайн муу хэлсэн. Гэтэл энэ Засгийн газрын өмнөө тавиад байгаа гол замуудыг л барьсан байх жишээтэй. Барилга хот байгуулалтын яам ч адилхан.
Уг нь би хэлэлцүүлэг эхэлсэн үеэс эсэргүүцэж хэлж байсан, гэвч УИХ олонхиороо баталсан. Одоо харж л байхаас өөр яалтай.
-Бүтцийн өөрчлөлтийн дүнд хариуцлагагүй ажилласан сайдууд сугараад үлдчихлээ гэх?
-Тийм ээ, “Хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нарыг өөрчлөх ёстой” гэсэн асуудлыг гишүүд ярьж байна, зөв.
-Намрын чуулган эхлэнгүүт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэллээ. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын санаачилсан энэ төрлийн хуулийн төслийг УИХ хэлэлцэж байсан. Уг төсөл юу болчихов, түүнээс дээрх хуулийн төсөл агуулгаараа ямар ялгаатай юм бэ?
-Өмнө нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай нэртэй хоёр тусдаа хуулийн төслийг хэлэлцэж байсан. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед төслүүдийг нэгтгэж, 100 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан учраас энэ хувилбараар татаж аваад Засгийн газраас өргөн мэдүүлээч ээ гэдэг хүсэлт тавьсан. Энэ дагуу Засгийн газар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байна л даа.
-Хуулийн нэрнээс нь иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээж байна гэж ойлгосон, зөв үү?
-Зөв. Иргэд маань өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг, хариуцлагатай байх ёстой гэдэг агуулгаар заавал даатгуулдаг байя, гол нь өвдсөн хойноо эмчлүүлэх биш өвдөхөөсөө өмнө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн тамираар хичээллэх тэр эрх үүргийг бас нэмэгдүүлье гэж үзсэн.
-Хуулийн төслийн гол үзэл баримтлалын тухайд тодруулбал?
-Даатгуулагч бүхэн цахим карттай болж, эмнэлгээ, эмчээ, үйлчилгээгээ сонгон эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Цахим карттай болохын давуу тал нь нэгдүгээрт, тухайн даатгуулагчийн товч түүх бичигдэнэ. Өмнө нь ямар эмчилгээ хийлгэж байв, эрүүл мэндийн даатгалын сангаас хэдий хэмжээний санхүүжилт авсан юм, одоо хүртэх боломжтой санхүүжилт нь хэд байна гэдэг юм уу ийм мэдээлэл багтана. Нөгөө талдаа даатгуулагчийг өндөр төлбөртэй эмчилгээнд хамруулах боломжийг нээх юм. Сүүлийн үед өндөр төлбөртэй эмчилгээ, мэс засал их хийх болсон. Гэвч түүнд хүссэн хүн бүр хамрагдах боломж нь хязгаарлагдмал. Ямар гарц байна вэ гэхээр Гэр бүлийн даатгалыг бий болгоно. Ингэснээр өрхийнхөө гэр бүлийн нэг гишүүнд өөрийнхөө даатгалыг шилжүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Мөн даатгуулагч эмч, эмнэлгээ сонгож үйлчлүүлэхээр эмнэлгүүдийн дунд эрүүл өрсөлдөөн бий болно. Эмнэлгүүд үйлчилгээгээ сайжруулна, эмч нараа мэдлэгтэй чадвартай болгохын төлөө сургана, мэргэшүүлнэ. Чадалтай эмч нарыг ажиллуулна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдах бололцоо ч бүрдэнэ. Цэвэр зах зээлийн эрүүл тогтолцоо бий болно гэж үзэж байна. Цаад талдаа даатгуулагчийн эрх ашиг хангагдана.
Сүүлийн үед эрүүл мэндийн салбар хамгийн их шүүмжлэл дагуулж, хамгийн удаан хөгжиж байгаа, урагш ахидаггүй салбар гэж хэлүүлж ирлээ шүү дээ.
-Төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 16 хүртэлх насны хүүхдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сарын 500 төгрөгөөр тооцож, төлдөг. Гэвч энэ шимтгэлийн мөнгийг нэмэхгүйгээр үйлчилгээ сайжрах боломжгүй гэх нь бий. Шимтгэлийн мөнгийг нэмэх үү?
-УИХ-аар энэ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэж байхад УИХ-ын гишүүдээс хамгийн их тавьсан асуултын нэг энэ. Сард 500 төгрөгөөр тооцож төлөхөөр жилийнх нь 6000 төгрөг болдог. Мөнгөний хэмжээ маш бага учраас Эрүүл мэндийн даатгалын сандаа томоохон хүндрэл учруулдаг юм билээ. Тийм учраас төрөөс дээрх хүмүүст олгодог ЭМД-ын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлье гэсэн санал гарсан. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсгийн төвшинд гишүүдийн саналыг хэлэлцэж, энэ хэсгийнхний шимтгэлийг хэдээр нэмэгдүүлэх боломж байна вэ гэдгийг судалж, гаргана. Дараа нь асуудлаа УИХ-аар хэлэлцүүлнэ.
-Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд хэдий хэмжээний шимтгэл төлөх вэ. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жишиг болгож, түүнээс багагүй байхаар шимтгэл төлдөг. Харин ЭМД-ын тухайд?
-Бас л ажлын хэсэг дээр нарийвчлан ярих асуудал. Малчид, тариаланчид, наймаа эрхлэгчид гээд маш том арми бий.
-Хууль батлагдахаар Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа бие даах юм яригдсан?
-Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие дааж гаргана. Эдийн засаг санхүүгийн хувьд бэхжих бололцоог нь өгөх юм. Цаашдаа Эрүүл мэндийн даатгалын газар тусдаа агентлаг болоод Үндэсний зөвлөлтэй болж, Эрүүл мэндийн даатгалын сан маань өөрөө хүчирхэгжиж бэхжих тусам хүн амынхаа эрүүл мэндийн төлөө бат найдвартай зогсож чадна.
-Агентлаг бий болно гэхээр дахиад нүсэр бүтэц бий болчих юм биш үү?
-Зайлшгүй байгуулах ёстой агентлаг. Одоо бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяанд Эрүүл мэндийн даатгалын газар гээд салбар маягтай байдаг. Нийгмийн даатгалын сан гэдэг өөрөө том тогоо, түүн дотор Эрүүл мэндийн даатгал бие даагаад томрох бололцоо нь маш бага. Тэгэхээр хүн амынхаа эрүүл мэндэд анхааръя, эрүүл мэндийн салбараа үсрэнгүй хөгжүүлье гэвэл Эрүүл мэндийн даатгалын сангаа бие даалгаж томруулахаас аргагүй.
-Одоогийн тогтолцоогоор иргэд сар бүр цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлдөг ч хэрэгтэй үедээ эмээ хөнгөлөлттэй авчихдаг, шаардлагатай тохиолдолд шинжилгээгээ хийлгээд эмнэлэгт хэвтэх бололцоо байдаггүй. Төлбөр л нэхээд байдаг. Дээрх хууль батлагдахад, энэ бүхэн эцэс болох уу?
-Өмнө нь би хэлсэн, энэ хуулийн хүрээнд төрөл бүрийн хөнгөлөлтүүд, өндөр үнэтэй эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талд олон сонголт бий болно гэж… Урьдчилан сэргийлэх үзлэг дээр ч анхаарах зорилго тавьж байна. Одоогийн тогтолцоогоор бол төрөөс шимтгэлээ төлүүлдэг ахмадаар жишээ авахад жилд 6000 төгрөгийг төлдөг боловч 1.9 сая төгрөгийн үйлчилгээ авдаг тийм л тогтолцоо үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, хэтэрхий бага мөнгө төлж, үйлчилгээ авч байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй ажил хийгээд сар бүр шимтгэл төлдөг нь үйлчилгээ авч чаддаггүй. Тийм учраас төрөөс төлж байгаа санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлье. Тэр хэмжээгээр сан хурдан томорч бэхжээд явах бололцоо бүрдэнэ гэж харж байгаа.
Г.ДАРЬ