Д.Батцогт: Бүлгийн гишүүдийн саналыг ҮЗХ дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2014.11.13-нд нийтлэгдсэн

Д.Батцогт: Бүлгийн гишүүдийн саналыг ҮЗХ дэмжинэ

Ерөнхий сайдын асуудлаар хуралдаж, Р.Амаржаргалыг дараагийн Засгийн газрын тэргүүнээр ажиллуулах итгэл хүлээлгэх шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас шийдвэрлэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батцогтоос дараах тодруулгыг авлаа.


-Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдаар томилох шийдвэр бүлгийн хурлаас гарлаа. Та дэмжиж байна уу?

Улс орны эдийн засаг нэлээд хүнд байна. Хямралыг хэрхэн туулах вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал. Тэгэхээр шинэ Засгийн газар мэргэжлийн ажиллаж, улс орныг эдийн засгийн хүндрэлээс гаргаж, нөхцөл байдлыг амжилттай даван туулна гэж үзэж байгаа.

Сая бүлгийн хурал дээр гишүүд тал талаас нь нэлээд нухацтай яриад 100 хувийн саналаар Р.Амаржаргал гишүүнийг дэмжлээ. Би хувьдаа Р.Амаржаргал гишүүнийг урьд нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эдийн засагчийн хувьд хямралаас гаргахуйц Засгийн газрын тэргүүн болж чадна гэж итгэж байгаа.


-Нэр дэвшигчид ямар мөрийн хөтөлбөрүүдтэй оролцов, бүлгийн хуралдаанд?

Мэдээж АН-ын мөрийн хөтөлбөр бий. Хямралаас хэрхэн гарах вэ гэдэг дээр Ерөнхий сайдад нэр дэвшигчид бүлгийн хурал дээр зоримог шийдлүүдийн талаар ярьж байна. Гишүүдийн танилцуулга, хөтөлбөрийг сонсоод бүлэг саналаа өгсөн.

Хаана хаанаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотой зоримог шийдвэрүүд гаргах ёстой гэдгийг ярьсан. Засгийн газар тухай бүрт нь бодлого, шийдэл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ. УИХ, АН-ын бүлгийн хуралд танилцуулахгүйгээр ямар ч ажил явагдахгүй.


-Бүлгийн шийдвэр хэр хурдан ажил хэрэг болох вэ?

ҮЗХ-ноос намын бүлэгт үүрэг өгсөн байгаа. Ерөнхий сайдыг яаралтай тодруулж, ҮЗХ-д оруулах үүргийн дагуу бүлэг шийдвэрээ гаргасан. Шийдвэрээ намын даргад танилцуулаад, бүлгийн дарга ойрын үед ҮЗХ-д танилцуулж, шийдвэр гаргуулах ёстой.


-Бүлгийн шийдвэр ҮЗХ-д дэмжигдэхгүй байх магадлал хэр вэ. Намын дарга бол Р.Амаржаргал гишүүнийг дэмжихгүй гэдгээ хэлсэн, харин асуудлыг цааш нь уламжлах ёстой юм байна?

Дэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-д УИХ-ын гишүүд бий, тэд бүлгийн хурал дээр 100 хувь дэмжиж саналаа өгч байна гэдэг бол АН эргээд нийлээд, нэгдэж ажиллаж чадаж байгаагийн илрэл гэж харах нь зүйтэй.

 

Эх сурвалж: mass.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж