БНПУ-ын Семийн дэд маршалыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

БНПУ-ын Семийн дэд маршалыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.11.20 / хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Семийн дэд маршал тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Ноён Ежи Вендерлих Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлж, Монгол Улсаас Польш Улсад суух туршлагатай Элчин сайд томилсонд баяртай байгаагаа дуулгав. Мөн тэрээр хоёр улсын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон талаар танилцуулж,  Монгол Улсын Их Хурлын даргыг Польш Улсад   айлчлах үеэр  гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцсон гэлээ . Түүнчлэн МУИС-ийн Польш хэлний ангийн оюутнуудтай уулзаж, санал солилцсоны зэрэгцээ оюутнуудад олгох  тэтгэлэг, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн тухайгаа танилцуулсан юм. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд,  Монгол Улс нь Европын Холбоог гуравдагч хөршөө гэж үздэг. Тэр дундаа Польш Улстай олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд  хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр эрхэмсэг ноён дэд маршал Ежи Вендерлихын Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь парламентын харилцааг гүнзгийрүүлэхэд нэгэн шинэ хуудас болж байгааг тэмдэглэж,  парламентын Тамгын газар хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг дэмждэгээ илэрхийллээ. Түүнчлэн хоёр талын хооронд боловсрол, соёл, батлан хамгаалах болон улс төрийн салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байна гээд, цаашид  худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, тэр дундаа зам тээвэр, барилга,үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн болоод уул уурхайн чиглэлээр илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён дэд маршал Ежи Вендерлихын Монгол Улсын улс төрийн нөхцөл байдлын талаар сонирхсон асуултад хариулт өгч, ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд А.Ганбаатар нар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж