Санхүүгийн салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Санхүүгийн салбарынхан чуулж байна

-ББСБ-уудыг зохицуулах эрх зүйн орчинг шинэчлэх хэрэгтэй гэв-

Санхүүгийн зохицуулах хорооноос Санхүүгийн зах зээлийн нэгдсэн чуулга уулзалтыг өнөөдөр “Чингис” зочид буудалд зохион байгуулж байна. Чуулга уулзалтад үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод, олон улсын болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, салбарт тулгарсан асуудлыг онцолж салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж байна.

Монголын санхүүгийн зах зээлийн нийт актив хөрөнгийн 95 хувийг арилжааны банк, 2.7 хувийг банк бус санхүүгийн байгууллага, үлдсэнийг бусад салбарууд бүрдүүлж буй. Үүнээс харахад санхүүгийн зах зээлийн “амин сүнс” нь арилжааны банк бөгөөд одоогоор 13 банк үйл ажиллагаа явуулж байна. Банкны салбар хамгийн чухал хэдий боловч сүүлийн жилүүдэд банк, бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд “хүч түрэн“ орж ирж байгааг хурлын үеэр оролцогчид онцлов.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-уудын тоо 351 байсан бол тэдгээрийн нийт хөрөнгө 490 тэрбум төгрөг,  харилцагчдын тоо 518 мянгад хүрсэн байна. Нийт актив хөрөнгөөр нь авч үзвэл,  банк бус санхүүгийн байгууллага дээр хэлсэнчлэн нийт санхүүгийн зах зээлийн 2.7 хувийг бүрдүүлэх болжээ. Одоо гуравдугаар улирлын байдлаас ББСБ-уудын тоо өсч, улсын хэмжээнд 370 ББСБ тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Ийнхүү “Борооны дараах мөөг” мэт олширч байгаа ББСБ-уудад бодлогын шинэ зохицуулалт хэрэгтэй болжээ.


Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг: 

-ББСБ-ууд сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. 2013 онд 54 тусгай зөвшөөрөл авч байсан бол энэ онд хоёр дахин нэмэгдэж, 104 ББСБ тусгай зөвшөөрөл авсан байна. Энэ нь зах зээлийг ашиг, орлого боломжийн, банкны зээл сүүлийн хоёр жил багассан, бичил бизнесийн зээл авах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой.  ББСБ нь  хуулиараа 10 төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Нийт ББСБ-уудаас 296 нь үндсэн үйл ажиллагаа буюу зээл олгох үйлчилгээ хийж байна. Цаашдаа ББСБ-уудыг зохицуулах шинэ эрх зүйн орчин хэрэгтэй байгаа. 2002 онд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдан гарсанаас хойш олон жил өнгөрлөө. Тиймээс энэ хуулийг шинэчлэн боловсруулж Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, Сангийн яамаар дамжуулан Засгийн газарт өргөн барьсан. Харамсалтай нь Засгийн газар, УИХ-аар хэлэлцэхгүй удаад байна. Энэ хууль батлагдвал банк бус санхүүгийн байгууллага хөгжлийн дараагийн шатандаа очих боломжтой.

-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд ямар өөрчлөлт хийх юм бэ?

-Одоо ББСБ-уудын тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлье гээд байгаа.  ББСБ 10 үйл ажиллагаа явуулахад арван тусгай зөвшөөрөл авдаг. Тэгвэл нэг тусгай зөвшөөрөл олгодог байхыг хуулийн шинэчлэлд тусгасан. Мөн ББСБ нь үйл ажиллагааны төрлөөс шалтгаалж валютын, зээлийн, санхүүгийн гэсэн гурван чиглэлд хуваая гэсэн санал бий. Тэгэхээр энэ гурван чиглэлээр хуваахаар байгууллагуудын дүрмийн сан, тавих шаардлага, хяналтыг ч өөр болгох юм. Өөр нэг асуудал бол банк, санхүүгийн зах зээлд нэгдсэн хяналт дутмаг байна. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.


Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх:

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед санхүүгийн салбарын оролцогч нарын бүх төлөөлөл уулзаж байгаа нь их ач холбогдолтой. ББСБ-уудын тоо сүүлийн жилүүдэд ихэсч байна. Ер нь ББСБ ихэсвэл зээл олголтод бусад байгууллага, банктай өрсөлдөөн бий болох, нөгөө талаасаа зээлдэгч нар  хэт өрийн дарамтанд орох талтай. Тиймээс ББСБ-уудын дүрмийн сангийн асуудлыг бид хөндөн ярилцаж байна. ББСБ-уудын хуулийн асуудал удаан хүлээгдэж байна.  Энэ хуулийг шинэчлэн боловсруулаад төрийн эрх баригчдад өргөн барьсан ч хэлэлцэлгүй хоёр жил болжээ. Салбарт шинэ зохицуулалт хэрэгтэй байна шүү дээ.

“Иргэдэд санхүүгийн мэдлэг олгох нь чухал”

Санхүүгийн зах зээлийн мөн нэг гол салбар нь үнэт цаасны зах зээл бөгөөд энэ зах зээлд сүүлийн үед хэд, хэдэн онцлох өөрчлөлт гарлаа. Энэ сард Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжиж эхэлсэн бөгөөд анхных гэдгээрээ цаашдаа анхаарах зүйл багагүй гэж байгаа. Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхиэрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компани /ТОП-20 индекс/ -д өөрчлөлт орсон. ТОП-20 индексэд багтдаг байсан  “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасч, оронд нь “Дархан нэхий” ХК-ийн үнэт цаасыг оруулахаар болсоныг нэрлэж болно.

Ийнхүү үнэт цаасны зах зээлийг бүхлээр нь хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчдыг татах, ялангуяа дотоодын жижиг гэлтгүй хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх нь чухал болохыг салбарынхан онцолж байлаа.


Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангараг:

– Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх дэд бүтэц шийдэгдсэн. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх хамгийн гол арга замын нэг нь иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх явдал юм. Гурван долоон хоногийн өмнө Хөрөнгийн бирж дээр Засгийн газрын үнэт цаасыг арилжлаа. 16 хувийн хүүтэй, богино хугацаатай, эрсдэлгүй, татвараас чөлөөлөгддөг бүх зүйлээрээ банкны хадгаламжаас давуу байтал хүмүүс хангалттай их худалдаж авсангүй. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж үнэт цаасны мэдлэг муу, хөрөнгийн зах зээлд орж ирэхэд итгэлгүйг харуулж байна. Арилжааны банк хадгаламжийн хүүгээ 12 хувиар санал болгоод байхад Засгийн газрын үнэт цаас авахад 16 хувийн хүү санал болгож байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд өндөр хүүний ашиг хүртэхийг сонирхохгүй байна гэдэг чинь хөрөнгө оруулагч маань бэлэн биш гэсэн үг. Тиймээс цаашдаа Хөрөнгийн бирж жижиг гэлтгүй хөрөнгө оруулагч нараа идэвхжүүлэх асуудал чухал. Ингэхийн тулд хүүхэд, залуучуудад зориулсан санхүүгийн зэх зээлийн мэдлэг олгох үндэсний хөтөлбөр боловсруулах хэрэгтэй.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж