Сүржин нэртэй даржин хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Сүржин нэртэй даржин хурал боллоо

-Ерөнхий сайд асан С.Баярыг гүтгэсэн учир О.Магнайг шүүхэд өгөх хэрэгтэй гэв-
Иргэдийн төлөөлөл болсон О.Магнай, Ж.Батзандан нарыг шүүхэд өгөх үндэслэлээ дэлгэнэ гэсэн сүржин нэртэй хурлын зар сэтгүүлчдэд тараалаа. Ямар хууль зөрчиж, шүүхэд өгөх ямар үндэслэл гарсанг сонирхох гэсэн сэтгүүлчид Хэвлэлийн хүрээлэнд дүүрэн ирсэн байлаа. Нийгмийн сэтгэл зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Одгэрэл “Иргэний хөдөлгөөний төлөөлөл болсон Ж.Батзандан, О.Магнай нарын ёс зүй хэрээс хэтэрч, ард түмний сайн сайхны төлөө бус өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглолт хийж байна. Олон жилийн туршлагатай МАХН болон түүний нэр нөлөө бүхий хүмүүсийн нэр хүндэд бүдүүлгээр халдах эрх тэдэнд байхгүй. Улстөрд гарах хүсэлтэй байгаа бол төрөө хүндэлж сурах хэрэгтэй.  Бид нийгмийн сэтгэл зүйг судлаад эдгээр хүмүүсийг шүүхэд өгөх үндэслэлтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Хэд хэдэн нам дамжсан ийм хүмүүсийг шүүхэд өгөх хэрэгтэй” гэсэн мэдээлэл хийлээ. Хэзээ, хаана, хэдэн хүн оролцуулж ямар судалгаа хийв. Шүүхэд өгөх ямар үндэслэл байна вэ. Баримтаа үзүүлж болох уу. Хэний захиалгаар хурал, жагсаал цуглаан хийж байгааг хэлнэ үү. Нийгмийн сэтгэл зүйг судалдаг юм бол ард түмний хүнд хэцүү байдлыг илчилж, төрөөс төрсөн тэрбумтнуудын эсрэг зоригтой дуугарч яагаад болоогүй юм бэ гэсэн олон асуулт ар араасаа хөвөрлөө. Хурлыг зохион байгуулагч ойлгомжтой шүү дээ гэсэн хариултыг олонтоо хэлж, сэтгүүлчдийн асуултад бүдэрч эхэлээ. Түүнийхээр бол О.Магнай, Ж.Батзандан нарыг шүүхэд өгөх үндэслэл ойлгомжтой гэдэг үг бололтой. Байгуулагдаад нэг жил болж байгаа тус ТББ долоон аймагт судалгаа хийсэн бөгөөд 3-5 ном гаргасан гэнэ.

Шүүхэд ямар баримт үндэслэлээр хандах гэж байгааг асуухад С.Баяр даргыг хүнд өвдсөн байхад нь доромжилсон. Монгол хүн байж жудаггүй зан гаргасан гэж хариуллаа.  Хүн доромжлох хуультай ч доромжлуулсан хүн гомдол гаргаагүй байхад шар хүний өмнөөс хар хүн гэгчээр Нийгмийн сэтгэл зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Одгэрэл  МАХН-ын нэр нөлөө бүхий улстөрчдийг өмгөөлж хамгаалж байгаа нь харин ч хэний захиалгаар юу хийх гэж байгааг нь илтгэж байлаа. ТББ хаана байрладаг, ямар хүмүүс ажиллаж байгааг асуухад ажлын байраа зааж өгч болно гээд ХААИС-ийн ганц нэг багш нарын нэрийг хэлэхээс хэтэрсэнгүй даржин хурал боллоо. Ямар ч баримтгүй зүйл ярьсан энэ хурал хагас цаг орчим үргэлжлээд, шүүх хурлынхаа утгыг ч ойлгоогүй ТББ-ын төлөөллийг сэтгүүлчид орхин гарлаа.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж