Буффон гурван сар талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Буффон гурван сар талбайд гарахгүй

Дэлхийн номер нэг хаалгач Италийн Жанлуижи Буффоны хагалгаа Милан хотноо амжилттай болсон боловч гурван сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болжээ. Нутгийнхаа “Ювентус” клубт хүчин зүтгэж буй Буффоны нурууны хагалгаа ням гаригт хийгдсэн бөгөөд Буффон өөрөө ч талбайд гарах гэж тэгтлээ яарахгүй байгаа гэнэ.

Тэрбээр “Миний бие хамаагүй хөнгөрлөө. Мэс засал амжилттай болж, надад итгэл найдвар, амар амгалан байдал авчирлаа. Би тийм ч их яарахгүй байна. Эргээд талбайд гарахад ямар ч асуудалгүй, аливаа эрсдлээс айхгүйгээр тоглох боломжтой болох тэр өдөр хүртэл хүлээх хэрэгтэй гэж бодож байна” гэжээ.

Өдгөө 32 настай Буффон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “F” хэсгийн Парагвайтай хийсэн нээлтийн тоглолтод гэмтэл авснаар Өмнөд Африкийн дэвжээнд дахин тоглох боломжгүй болж, улмаар шугамны цаанаас багаа дэмжиж байсан юм. Дэлхийн аварга италичууд Буффонгүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж, улмаар хэсэгтээ сүүл мушгиж, харамсалтайгаар нутаг буцсан билээ.

Сери А лигийн улирлын шилдэг хаалгачийн шагналыг есөн удаа хүртэж байсан Буффон эх орныхоо төлөө 102 тоглолтод оролцсон бөгөөд шигшээ багийн ахлагч Фабио Каннаваро дэлхийн аваргын дараа зодог тайлж, улмаар Буффон шигшээ багийн ахлагч болсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж