Зул бичих… Хэзээ ч хүсэмгүй, зүрхшээм хэцүү “ажил”. Энэ хорвоогийн насаа элээн, өөр ертөнц рүү амирлан одогсдынхоо араас бид зул барин, түнэр харанхуйг туулан өнгөрөөх зам юуг нь гэрэлтүүлж байна гэж сүсэглэдэг. Тиймдээ ч чаддагсан бол мянга, мянгаар нь зул бадраахсан гэж хүсдэг. Талийгаачийн зам мөрийг гэрэлтүүлэх зул… Сэтгэлийн зул…
Бодоход зүрх зүсэм мөртлөө, “Гангаа ах нь амьсгал хураачихлаа” гэсэн аймшигтай үгийг сонссоноос хойш ч, зулын үг эвлүүлэх гээд сууж байхад ч дандаа л талийгаачийн хөгжилтэй, хөгтэй төрх, инээд, наргиантай он цаг, өдрүүд сэтгэлд буух. Яамаар ч юм бэ дээ, нулимсаар сүлсэн гунигтай зул биш, инээд нь гэрэлтэх гэрэлтэй зул өргөөсэй гэж ах маань хүссэн юм болов уу? Ахдаа зул өргөсүү гэтэл цагаахан инээд нь л чихэнд хангинаад байх.
Сэтгүүлчид гэж хөгийн хүмүүс, ялангуяа “Өдрийн сонин”-ынхон билэг танхай, хурц араншинтай, тоглоом хатуу хүмүүс байх. Ямар сайндаа л нэгнийгээ “Намайг өнгөрөөд өгөхөөр энэ золиг зул бичиж чадах болов уу? Аягүй бол матаас бичиж шогтоно шүү” гэж огт бодох, санах юмгүй паржигнатал хөхрөлдөж зогсох. Дээхнэ үед Гангаа ах голын хайртай ахыгаа өнгөрснөөс сарын дараа зул бичих гэтэл, дандаа л инээдтэй хөгжилтэй зүйл, амьд байгаа мэт биччих гээд байснаа өөрөө нууж, хаах ч зүйлгүй ярьж байж билээ. Өнөөдөр надад бас ийм “хувь” үлдээгээд явчихна гэж бодож ч зүрхлэхгүй цаг хугацаа байж. Магадгүй надад ч гэсэн “Байгаагаараа л байсан. Байснаар нь л бичихгүй юу” гэж хэлээд инээгээд зогсч байгаа юм шиг. “Алдаатай биччихэв, золиг минь” гээд сийх ч үгүй инээгээд зогсч байх шиг.
Өдөр тутмын сонины цаг наргүй ажлын хажуугаар яаж ийж байгаад хөгжилдөж, хөхрөлдөж, улстөрчдийг авах юмгүй болтол амаараа “ниргэчихээд”, “Энэ улс, төр засгийг хэдүүлээ нийлж л цэгцэлж авахгүй бол болохгүй нь” гэлцэж зогсох “Өдрийн сонин”-ы ах нар. Нээрээ л төрийг төвхнүүлчихэж магадгүй царайтай харагддаг сан Гангаа ах. Тэгсэн мөртлөө хэтэрхий эгэл, энгийн. Ямар ч гунигтай зүйлийг хөнгөхөн шог болгоод хувиргачихна. Бичсэн бичлэг болгон нь шахуу заримдаа арай хэтрэв үү гэлтэй хөнгөн шоглол, нарийн зураглалуудтай.
Гангаа ах гадагшаа дотогшоо яваад ирлээ гэнгүүт аян замын тэмдэглэлийг нь унших гээд хүлээчих нь. Басхүү яарахын зэрэгцээ “Таны нүүрний дардсыг би уншчих уу” гэж урд, хойгуур нь бөндөгнөнө. Албаны дарга, том сэтгүүлч ах “Сайн уншаарай чи” гэснээ “Мань чинь үсгийн алдаа хуссан байх вий” гэж үеийн юм шиг инээгээд явчихна. Дардас уншиж байсан цэрэг нь түсхийтэл инээчихнэ. Түвдийн тэмдэглэл хэмээх алдартай нийтлэлдээ “Багш нь шавь нараа ном сурсангүй гээд жавтий хүртээчихдэг бололтой юм. Цаадуул нь ч ном сурах шинжгүй царайтай юмнууд …” гэж ирээд л биччихсэн. “Ингэж бичиж болж байгаа юм уу” гэж инээдэндээ хахаж цацахад “Нээрээ тэгж харагдаж байгаа юм чинь” гэж гудиггүй хэлэх. Ийм л энгийн үнэн, амьдралын зураг тэр чигээрээ бичлэгт нь дүүрэн. Тийм үнэн, шууд болохоор хүмүүст Гангаа ахын бичлэг, тэмдэглэл мартахын аргагүйгээр шууд хүрдэг байсан биз. Аян замын тэмдэглэлийн, сэтгүүл зүйн мастер түүний бүтээл бүхэл бүтэн судлагдахууны хэмжээнд хүрсэн, мэргэд үгээ хэлдэг, үнэлдэг, аль хэдийнэ мэргэжлийн бат суурь, үнэлэмжээ тогтоосон хүн. Албаных нь сахилгагүй сурвалжлагчдын нэг байсны хувьд надад бол нөмөр нөөлөгтэй ах, заримдаа найз шиг л санагдах дурсамж маань энд голлох болов уу.
Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба гэдэг сүрхий нэртэй манай албаныхан наанаа инээлдээд, хөгжилдөөд байгаа юм шиг мөртлөө цаагуураа бол Гангаа даргаасаа нам айна л даа. Бас баахан танхай голдуу нөхдүүд байсан биз. Нэг өглөө “Нааш ир” гээд ширүүхэн дуудав. Хулмагнасхийн хүрээд очвол, дуугаа хачин намсган “А.Туяа аа, би чамайг ойлгож байна. Эрэн сурвалжлахын хүн чинь цагдаа, магдаагаар орж явалгүй л яах вэ. Гэхдээ чи өглөө хуралдаа ирж бай л даа” гэж бараг аргадах тооны дуугарах. Загнаагүйд нь шууд урамшин “За” гэж цоглог дуугарсан мөртлөө, дахиад л унтаж, хурлаасаа хоцорчих. Чингээд шууд л прокурорын ч юм уу цагдаагийн үүдийг сахиж байгаад гайгүй нүүр тахалчихаар мэдээ олж байж л ажлаараа ирэх. Наанаа биднийг загнах ч цаагуураа “Сэтгүүлчийн ажил бол цаг наргүй, гадуур гүйж, хөлөөрөө мэдээ олдог. Тэр тусмаа эрэн сурвалжлахынхны цагийг бүртгээд байх шаардлагагүй” гээд тас хамгаалчихдаг байсан юм шиг байгаа юм, одоо санахад.
Одоо л бүх зүйл технологижоод байгаа болохоос биш цагдаагийн өглөөний рапортын мэдээ олж авна гэдэг бол бас л том ажил байлаа, бидний үед. Заримдаа дарга, цэргийн өмнүүр хойгуур гүйж байгаад “Маш нууц” гэдэг цохолттой рапортыг олоод авчихна. Өглөөний хуралд Гангаа дарга баахан цүл цал гэмээр алхсаар орж ирээд “Мэдээ, хадаа юу байна” гэж асууна. Орой сонин буухын алдад мөн л нөгөөх “мэдээ, хадаа”-гаа асуусаар. “Мэдээ байна” гэх ахул “Хадаас юм уу” гэж заавал ахиулж асууна. Өдөр тутмын сониныхон бид сенсаци мэдээгээ “50-ын хадаас, 100-гийн хадаас” гэхмэтчилэн ангилчихна.
Дугаар удирдах өдрөө бол Гангаа дарга заавал 100-гийн хадаас авчирна шүү л гэсэн товчхон үүрэг өгнө дөө. Өдөр тутмын сонингуудын “акулуудад” зүүгдэж явах “жижигхэн” сурвалжлагч бид жижүүр хийх гэдэг үүрэгт ажилд халаагүй шахам томилогдоно. Сонины дардас зөөж, халтартсан гараараа, хацар хамраа арчиж, хар эрээн нүүрлэсэн амьтан гүйж явахад дугаар удирдагч “Хаая, А.Туяа аа, нүүрнүүдээ тоол” гэж тоглох, тушаахын завсар үүрэг өгөнгөө “За цаадхи чинь нүүр дутааж магадгүй хүн шүү” гэж өөрийгөө шоолчихно. Тэгэхээр нь өмнөөс нь тоглох маягтай “33 нүүр байна, яана аа” /уг нь 32 нүүр сонин хийж байгаа хүмүүс/ гэхээр “Илүүдэж байвал учиртай хөө, дутаж байснаас. Нэг нүүр унагах шиг амархан юм хаана байдгийн” гээд мөн л инээнэ.
Энэ мэтчилэн инээх, хөгжилдөхийн завсар дөрвөн жил ажиллажээ, Гангаа ахын дэргэд. Инээхдээ ч инээнэ, ажлаа гялалзуулахдаа ч гялалзуулна. Ялангуяа ихэнх сэтгүүлчдийн зангаар хөдөө, гадаа сурвалжлаганд явахдаа туйлын дуртай. Томилолтын сураг дуулангуут загас усандаа гэдэгчлэн инээд алдаад л явчихна. Ирээд ч аян замын тэмдэглэл гээчийг ёстой дуулуулан, уйлуулан, инээлгэн зураглана даа. Хүн болгоны л шахуу ирж очин байдаг “Элтэл бичсэн Эрээний сонин”-ыг илээд байгаа юм шиг мөртлөө сонихноор бичсэнийг нь хоёр дахиа уншихдаа ч инээд алдсаар байж билээ. Гангаа ах Монгол улсаа хөндлөн гулд, дэлхийн дайдыг ч мөн мундахгүй туулан сурвалжлага бичсэн дээ. Ямар сайндаа л тэр жил Ерөнхийлөгчийн сонгуулиар явж ирээд “Хотод ирсэн чинь сонин байна шүү, хүмүүс нь чихцэлдээд л. Өөдөөс нэг таньдаг царай… Би “Сайн байна уу” л гэлээ. Өмнөөс “Сайн” гэж байна. Тэгээд хараад байсан чинь харин манай эхнэр…” гэж ирээд л ярьж билээ. Ийм л хүн.
Уг нь Гангаа ах биеийн тамирын багш мэргэжилтэй хүн. “Ах нь төмөр өргөдөг байхдаа” гэж ирээд л ярина. “Спорт хүнийг хүн болгодог юм шүү. Үр хүүхдүүдээ ямар ч гэсэн нэг спортоор дагнаж хичээллүүлэх хэрэгтэй. Тамирчин болохгүй ч хүн болдог юм” гэж бас сургана. Хаа хөндлөнгийн спортын мэргэжилтэй хүн Монголд шилэгдэх цөөхөн сэтгүүлчдийн нэрийн эхэнд бичигддэг болсон нь эднийхний гэр бүлийн удам дагасан авьяасын үргэлжлэл биз. Угаасаа ч байгалийн төрмөл авьяас үг, бичлэгээс нь аргагүй ханхална. Ж.Мягмарсүрэн ах нь /”Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн/, Ж.Сандагдорж ах нь /”Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн орлогч/ авьяастай төрсөн дүүгээсээ өнчрөн, өмрөн суугаа, өнөөдөр. Ерөөс нэгэн бүлийнхэн болсон “Өдрийн сонин”-ынхон, хэвлэлийн гал тогооныхон, “гараар” нь орж хүн болсон над шиг олон “жижигхэн” сурвалжлагч дүү нар нь өнчрөн, өмрөн байна,
Гангаа ахыг сүүлийн хоёр гурван жил хүнд өвчинтэй нь тэмцэлдэж байгааг сонсон, уулзахаас халгасаар явлаа. Хүнд өвчний ул мөр, царай төрхөнд нь сууж, турж цонхийсон ч яг нүүр тулаад таарахад нөгөө л янзаараа инээсэн, хошигносон хэвээрээ л байсан. Тиймдээ ч аюултай өвчнийг ялаад гарчихаж дээ, одоо гайгүй биз гэсэн шүү бодогдоод л өнгөрсөн. Хичээн тэмцэж байсан ч аюулт өвчин нь харин амийг нь аваад явчихлаа. Гэвч өөдрөг цайлган, хөгжилтэй, гэгээлэг амьдралын зам нь мөнхөд дурсагдах, бичсэн туурвисан болгон нь цагаан цаасан дээр дурайж байх гавьяатай хүн юм даа гэж сэтгэлээ тайтгаруулах. Сэтгүүлчийн, мэдээж хэрэг бичиж, туурвиж, бүтээж, амилуулж чаддаг сэтгүүлчийн ажлын гайхамшигтай чанар нь энэ юм даа гэж бодсон ч арай л эрт явчихлаа даа гэсэн гунигт бодол мөр даран орж ирэх. Хэдийгээр тадийгаачийг хүндлэн нэрийг цээрлэн дууддаггүй ч, яг л амьд юм шиг Гангаа ах, Гангаа ах гэж сэтгэлд орж ирэх. Амьд юм шиг л хэвээр, үлдэг дээ сэтгэлд минь.
Магадгүй та өдийд тэнгэрийн орон руу инээчихсэн цогиж яваа гэж шууд л дүр зураг нь нүдэнд буугаад байх шиг. Ийм зул сэтгэлд бууна. Инээдтэй, хөгжилтэй, цагаахан, зоргоороо. Магад надад “Чи золиг минь, зул бичиж байна гээд бөөн хошин шог биччихэв ээ. Энэ аягүй бол балай юм бичиж баллана шүү” гэж хэлж байсан ч юм шиг.
Зүрх зүссэн уйтай мэдээ сонсоход өчигдөрхөн инээгээд явж байсан хүмүүн өөр ертөнцийг гэнэт л зорьж, өчигдөрхөн инээж байсан төрх үгүй болчих хорвоогийн жам ёсны өмнө сөхрөхмөөр. Ингээд л яваад өгчихнө гэж өнөөдөр ч бид итгэж чадахгүй байгаатай адил тэр ч өөрийгөө ингээд л яваад өгчихнө гэж хэзээ ч бодоогүй, эцсийн мөч хүртлээ амьдралд хайртай, амьдралтай зууралдан тэмцэлдэж байсан даа гэж бодогдох. Тэр амьдралд дэндүү их хайртай, дэндүү цайлган хөгжилтэй, дэндүү зоримог, өөрийнхөөрөө зоргоороо амьдарч байсан. Тэр л зоргоороо, билэг танхайгаараа, өөрөө өөртөө үнэнч байснаараа амьдралд үлдэнэ. Хэрвээ та өөрөө хүсч байгаа бол бурхны оронд тавтай морилоорой. Аягүй бол “Бурхны оронд үлдэхгүй ээ би, буцлаа” гэж зөрүүдлэнхэн эргээд бидэндээ төрөх ч юм бил үү. Дэндүү зоргоороо шүү дээ та, зоргоороо төрөгтүн. Ум сайн амгалан болох болтугай.
Чадан ядан зул өргөсөн А.АЛТАНТУЯА