ЕБС–ийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

ЕБС–ийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НБСГ-тай  хамтран  “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн эмч, улсын цэцэрлэгийн аргазүйчдийг хамруулсан “Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдлийг бууруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх” шүд, амны хөндийн эрүүл мэндийн  сургалтыг өчигдөр, өнөөдөр хийлээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа Улаанбаатар хотод сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин “Маш өндөр” гэсэн ангилалд хүртлээ өсчээ.  

Мөн хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн судалгаагаар 5-6 насны хүүхдийн шүдний цоорох өвчний тархалт 89 хувь байгаа аж. Хүүхдийн нүүр ам судлалын эмнэлзүйд хүүхдийг шүдгүй байх үеэс эхлэн эрүүл байнгын шүдний эгнээг бий болгоход чиглэсэн эмчилгээ, оношлогоо хийхийг зорьдог байна. Гэвч манай улсын өнөөгийн байдлаар сүүн зуултын үе болох сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин хамгийн тархмал түгээмэл өвчин болоод байгаа төдийгүй, шүд цоорох өвчний хүндрэлээс үүсэх бие махбодын төдийгүй сэтгэхүйн дарамтат байдал нь нийгмийн чухал сэдвийн нэг болоод байгаа ажээ. Хэдийгээр Улаанбаатар хотод шүдний эмнэлэг хангалттай байгаа ч хүүхдийн нүүр амны нарийн мэргэжлийн эмчийн тоо хүрэлцээ багатай, ард иргэдийн дунд сүүн шүд ясан шүдээр солигддог болохоор эмчлүүлэх шаардлагагүй гэсэн буруу ойлголт байдаг зэрэг нь хүүхдийн шүд цоорох өвчний тархалт буурахгүй байгаагаас харагдаж байгаа аж.

Тус сургалтанд АШУҮИС–ийн багш нар уригдан ирж хичээл заасан бөгөөд нийслэлийн 119 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, улсын 180 цэцэрлэгийн аргазүйчид хамрагдсан байна.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж