Тахарын ерөнхий газарт Хууль зүйн яамнаас тусгай тоноглогдсон УАЗ фургон маркын 10 машин хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Тахарын ерөнхий газрын дэд дарга, шадар тахар Б.Батзориг, тус газрын Санхүү хангалт, үйлчилгээний газрын дарга Б.Ичинноров болон Тахарын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн, тойргийн Тахарын албад оролцсон юм. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 2013 оны 7 дугаар сард Тахарын албаны тухай хууль баталж, улмаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газар байгуулагдсан. Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэх сурвалжлах үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү үүргийг биелүүлэхэд ялангуяа шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагаа нь тусгай тоноглогдсон, аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр гүйцэтгэх шаардлагатай байдаг. Энэ үүднээс дээрх автомашинуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд Тахарын ерөнхий газрын 1-10 дугаар тойргийн Тахарын албадад хуваарилсан байна.
Л.ХАЛИУ