&#34Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч&#34 сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

&#34Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч&#34 сургалт эхэллээ

Шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй болгох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, олон нийтийн хяналтыг бий болгох зорилго бүхий "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс шүүхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Энэ сарын 19-21-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад өдөр тутмын сонинууд,телевиз, радиогийн 30 орчим сэтгүүлч хамрагдаж, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн суурь зарчим, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи зохих мэдлэгийг олож авах юм. Өнөөдөр сэтгүүлчдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Философийн Ухааны доктор, Хууль зүйн Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор (Sc.D, Ph.D) Н.Лүндэндорж "Шүүх эрх мэдэл, шүүхийн захиргааны удирдлага" сэдвээр хичээл заалаа.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа "Сэтгүүлчдийн үйл ажиллагаанаас эрүүгийн гэмт хэрэг үүсэх эрх зүйн үндэслэл”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)Т.Мэндсайхан "Хууль ба үйл баримт”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Хууль зүйн ухааны доктор(Ph.D) Л.Бямбаа "Шүүхийн тухай багц хуулийн үзэл баримтлал" сэдвээр тус тус хичээл заалаа. Сургалт маргааш үргэлжлэх бөгөөд МУИС-ийн ХЗС-ийн доктор, профессор багш нар болон Улсын дээд шүүхийн шүүгч багш нар хичээл заах юм. Сургалтын хүрээнд Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн ажиллах нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцан, нийслэл дэх дүүргүүдийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын дарга нар болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудтай уулзах юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р ангийн шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаатай биечлэн танилцана.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж