Мэдээллийн “Ньюс” агентлагийн эх суурь болсон өдөр тутмын “Ардын эрх” сонины анхны дугаар уншигчдын гар дээр хүрснээс хойш нэгэн арван жил улираад байна. Миний бие энэ хамт олны дунд анхны өдрөөс нь эхлэн бүтэн найман оныг өнгөрүүлжээ.
2004 оны арванхоёрдугаар сарын 1-нд “Ардын эрх” тухайн үед өдөр тутмын зургаа дахь сонин болж, цоо шинээр мэндэлж байв. Олон жилийн туршлагатай, гар нийлсэн багтай, хэвлэл мэдээллийн салбарт нэр нөлөө бүхий дандаа эрэгтэй удирдлагатай сонинууд дунд хамгийн анх эмэгтэй эрхлэгчтэй, хариуцлагатай нарийн бичгийн дарга болоод албадын дарга нарын ихэнх нь эмэгтэйчүүдээс бүрдсэн содон сонин гарч ирэхэд зөөлөн дулаан өлгий угтаагүй. Хэдий шинэ тутам ч мэдээлэл, нийтлэлийн холч хурдан “хүлэг” нэхэн ойртож буйг нэг салбарынхан маань мэдэрсэн шиг байгаа юм.
Үүдээ дөнгөж нээнгүүт МАХН дотор жигүүр өдөлснийг, АН-МАШСН-ын эвсэл задарсныг, Зүүн өмнөд Азийн орнуудад цунами дэгдэж гамшиг нүүрлэснийг зөвхөн “Ардын эрх” түрүүлэн мэдээлж, өдөр тутмын “ах” сонинуудын зүрхэнд шар ус хуруулсан юм. Д.Нарантуяа, З.Боргилмаа, Л.Мөнхбаясгалан, А.Алтантуяа, Ц.Булганзаяа, Г.Отгонжаргал, С.Баттулга, Н.Мөнхтүвшин гээд олон сайн тоймчид, спортын сэтгүүлч Б.Бадамгарав, гадаад мэдээний Ш.Мягмарсамбуу нар нэг дор цугларсан нь бусад сониныхны цагаан атаархлыг төрүүлж, түүнийгээ ч тэд нуудаггүй байлаа.
Аль нэг намын талд үйлчилдэггүй, тэнцвэртэй мэдээлэлтэй, өдөр тутмын үйл явдлыг тоочин мэдээлэх бус тоймлож тайлбарладаг, тэр үеийн өдөр тутмын таван сониноос цугларсан бас ч гайгүй сэтгүүлчдийн багтай “Ардын эрх”-ийнхэн “АЭ” гэсэн хоёрхон үсгээр товчилсон нэр, 10 орчим сэтгүүлч, Ч.Мөнгөнтуул нягтлангийн цөөхөн төгрөгтэй бор ширэн түрийвч, тав зургаан ширээ, компьютертэй гал голомтоо асааж байсан ч өнөөдөр мэдээллийн хурдны “мангас” болчихоод явж байна.
Ерөөсөө Монголд мэдээллийн хурдыг анхлан мэдрүүлэгчид бол миний “Ньюс”-ийнхэн юм. “Ардын эрх”-ийн багийнхан 2007 оны намраас www.News.mn сайтыг сонинтойгоо зэрэгцүүлэн хөтөлж эхэлсэн. Уншигчид аливаа мэдээллийг телевизээр хэдэн цагийн дараа, сониноор маргааш нь л олж үздэг байсныг хормын зөрүүгүй шахам шууд хүргэдэг “зэвсэг” нь Ньюс болсон юм. Мэдээ, мэдээлэл бүрийг нь алдалгүй дагадаг “фен”-үүдтэй болж, төрийн түшээд зөөврийн компьютер байнга сугавчлан, “Ньюс”-ийг уншдаг болсон. Сэтгэгдэл идэвхтэй бичигчдийн армийг “Ньюс” төрүүлснээрээ сошиал медиа түгэхийн эхлэлийг тавьсан ч юм шиг.
Өдөр тутмын сонин дээр сайт давхар хийх нь эхлээд амаргүй байсан.Юм юм л болно. Сониндоо түүртэж байгаад сайтынхаа мэдээний нормыг гүйцээж баралгүй зарим нь хасах цалинтай гарна. Мэдээ хоцроож торгуулна. Миний хувьд лав л С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон мэдээг өөр нэг сайтаас гурван секундээр хоцорч мэдээлсэн гэж дугаар удирдагч А.Алтантуяагаас банга хүртэж, торгуулж байсан юмдаг.
Гэхдээ л асар богино хугацаанд “Ньюс”-ийнхэн мэдээг яралзуулдаг болсон. Сонгуулиудын дүн, 2008 оны долдугаар сарын 1-ний гамшигт үйл явдал, Гавъяат тамирчин Г.Өсөхбаярын уулын авиралтууд, олимпийн наадмын сонин хачин, Японд болсон цунами, улс төрийн гал тогоо, УИХ-ын чуулганы халуун үйл явдлуудыг Ньюс.мн шуурхай мэдээлж, үйл явдлыг шууд дамжуулж буй телевизтэй зуузай холбон уншигчдадаа хүргэж байлаа.
“Ньюс”-ийг “Метро малл”-д байрладаг байхад цахилгаан үе үе тасарна. Их, бага хугацааны дараа гэрэл ирж, мэдээгээ дамжуулахад уншигчид “цангасан мал худаг руу хошуурав” гэгчээр зэрэг зэрэг нэвтэрч, ачааллаа дийлэхгүй “сайт унана” гэгч болно. Ачааллаа дийлэхгүй сайт гацаж байхад бас болоогүй ээ, уншигчдаас “Ньюсийнхэн ажлаа хий л дээ” гэж шахах загнах хослуулсан сэтгэгдэл шидэлнэ. Ингэж “Ньюс-ийнхэн мэдээллийн их далайн ширгэшгүй ундарга болж, мэдээллийн эрин зуунд уншигчдын оюуныг ундаалж явна.
Нэг үе Eagle телевизтэй нэгэн дээвэр дор багтсаных сэтгүүлчид нь дүрсээр урлахуйнхны амьдралтай танилцаж, тоймчид нь тойм нэвтрүүлэгт ордог болсон. Ямар ч гэсэн 20 минутын шууд нэвтрүүлгийг хөтлөгчтэйгөө хоёулхнаа даачих хэрийн бяд манай “Ньюс”-ийнхэнд суусан юм. Тэгэхэд телевизийнхэн “Сониныхныг алдаагүй бичээд л байдаг хүмүүс гэж бодсон чинь бас тачигнатал ярьчихдаг юм байна” гэцгээж байж билээ. Ингэж “Ньюс”-ийн сэтгүүлчид өнгөрсөн 10 жилд сонингоо ч гаргадаг, сайтаа ч хөтөлдөг, дэлгэцээр ч гардаг, шинэчлэлд ямагт бэлэн, хөрвөх чадвар сайтай “иж бүрэн” хүмүүс болсон юм.
Энэ хамт олны анхны багийнхан дотроос “Үнэн” сонины орлогч эрхлэгч С.Баттулга, “2 дугаар суваг” телевизийн захирал Л.Мөнхбаясгалан, “Улс төрийн тойм” сонины орлогч эрхлэгч Г.Отгонжаргал, залгуулаад “Монголын мэдээ” сонины эрхлэгч С.Гантогоо, орлогч эрхлэгч Ч.Чулуунцэцэг гээд гялалзсан удирдагч эмэгтэйчүүд төрж гарсан байдаг.
Нэг гэр бүлийнхнээс өөрцгүй жаргал, зовлонг минь хуваалцаж, нэгэн дээвэр дор үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал хамтдаа зүтгэж, баяр ёслол, амралтын өдрүүдэд ч үзэг, дэвтэр, дуу хураагч, компьютертэйгээ үнэний эрэлд, шуурхай мэдээлэл дамжуулахын төлөө, улс төрийн өнгө будаг холилдоогүй бодит мэдээллийг хэрэглэчдэдээ хүргэхийн төлөө чармайж, өдгөө ч өдөр тутмын үйл ажлаараа байнга холбоотой яваа хамт олондоо чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Цааш цаашдын ажил үйлс нь өрнүүн байх болтугай.
ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны ахлах ажилтан Д.Оюунцэцэг