Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Хамгийн ядуу, зохицуулалт муутай яамаар Соёл спорт, аялал жуулчлалын яам /ССАЖЯ/-ыг тодруулъя. Соёл спорт, аялал жуулчлалын яам урлагийн, спортын салбарт санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлдэггүй хэрнээ үлэг гүрвэлийн ясанд хамаг байдгаа тавиад туучихдаг болсоор уджээ. Спортын тамирчид олон улсын шинж чанартай наадамд явах болоход нь мөнгөөр битгий хэл “өнгөөр” дэмжих нь  үгүй.  Урлагийнханд бүр юү ч хялайлгахгүй.  Үүний тод жишээ нь “Алтан намар” наадмын хөрөнгө оруулалтыг хийхээс татгалзсан явдал байлаа. 32 жилийн түүхтэй тус наадам тэр болгон нэр нь дурьдагдаад байдаггүй хөгжмийн зохиолчдын хувьд цорын ганц томоохон наадам хэдий ч ССАЖЯ-аас үгүйсгэж орхив.

Урьд нь Төрийн албанд зүтгэдэг урлагийн ажилчид чамгүй бухимдаж жагсаал хийсэн. Учир нь бусад салбарын ажилчдын цалинг 15-30 хувь нэмсэн ч урлагийн салбарын ажилчид хоцорчихсон. Яагаад гэвэл ССАЖЯ-ны сайд өөрийнхөө төлөөлөгчөө салбарын ажилчдын цалин нэмэх хэлэлцүүлэгт байлцуулаагүйгээр барахгүй мэдээ ч үгүй байсан гэхэд хэлсдэхгүй. Өөрөөр хэлбэл анхаарал хандуулаагүйн тод жишээ байлаа.

Тайван жагсаалын үр дүнд улсын тодотголтой байгууллагад ажилладаг уран бүтээлчдийн цалинг эл яамныхан 30 хувиар нэмсэн. Хэрэв тайван жагсаалыг урлагийн салбарынхан зохион байгуулаагүй байсан бол цалингаа нэмүүлэх нь юу л бол. Ингээд бодохоор урлагийн ажилчид хүчээр цалингаа нэмүүлсэн байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард урлагийн албан хаагчдын цалин 15 хувиар нэмэгдэж, есдүгээр сард дахин 15 хувиар нэмэгджээ.

Мөн Драмын театрын “Бэсрэг жүжгийн наадамд” 10 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн ч бараг л зургаа нугалсан ашиг олсон нь уран бүтээлчдийн чадварыг харуулсан юм.  Нэг жүжгийн хөрөнгө оруулалт л 10 сая болдог гэдгийг урлагийнхан андахгүй. “Бэсрэг жүжгийн наадам”-ын хүрээнд долоон найруулагч, долоон жүжгийг тавьж,  7284 үзэгч тус төслийг хүлээн авч, 59,713,000 төгрөгийн орлого олсон.

Харин дараагийн бас нэгэн том жишээ нь Төрийн удирдлагын зөвлөлөөс урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа удирдлагуудыг тодруулдаг шалгалт. Уг шалгалтаар тодорсон удирдлагууд үнэхээр удирдлагын албан тушаалдаа очсон уу гэвэл мөн л үгүй гэсэн хариулт авна. Тавдугаар сарын 15-нд болсон уг шалгалтаар тодруулсан  уран бүтээлч удирдлагуудын материал дээр ССАЖЯ-ны сайд гарын үсэг зуралгүй байсаар хуучин удирдлагууд нь жинхлэгдсэн.

Ингээд бодоход хамгийн зохицуулалт муутай, ядуу, дээрээс нь сэтгэлгүй яамаар ССАЖЯ-ыг л тодруулах нь зүйтэй болов уу. ССАЖЯ-ны дэргэд Нийслэлийн засаг даргын тамгын газар харьцангуй “урлагт ээлтэй” болоод байх шиг.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ном гаргаж, шоу зохион байгууллаа нийслэлийнхээ ойн хүрээнд нилээд том тоглолт хүртэл зохион байгуулж ард түмэндээ урлагийн салбарын соён гэгээрлийг багахан ч гэсэн өгсөн болов уу.

Э.ҮНЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж