Эмэгтэй гишүүд жүжигчдээс үлгэр аваасай

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Эмэгтэй гишүүд жүжигчдээс үлгэр аваасай

УИХ-д 11 эмэгтэй гишүүн бий. Тэдний төлөөлөл өнөөдөр Монгол Улсын гавьяат И.Одончимэг, жүжигчин Г.Ундармаа нарыг хүлээн авч уулзаж, талархал илэрхийлжээ. Учир нь жүжигчин Г.Ундармаа төрөх эмнэлгүүдийн  хүлээлгийн танхимыг өөрийн санаачлагаар хөрөнгө босгон тохижуулсан бол МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дэх хүүхдүүдэд зориулан сургалтын төв нээсэн юм.

Жүжигчин бүсгүйчүүдэд талархал илэрхийлэх үед УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар байжээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг "2015 оны төсөвт 500 гаруй эмнэлэг, цэцэрлэг, сургууль, дотуур байрны барилгын ажлыг дуусгахаар тусгасан. Мөн хамтын тэтгэвэр, хүүхэд харах үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудыг УИХ-д өргөн бариад буй"-гаа жүжигчин бүсгүйчүүдэд дуулгажээ.

УИХ-ын гишүүдийн энэхүү танилцуулгыг жүжигчин бүсгүйчүүд хэрхэн хүлээн авсныг мэдэхгүй. Харин хөндлөнгөөс өргөстэй нүдээр харвал  хүмүүнлэгийн салбарт хийсэн гавьяагүй УИХ-ын эмэгтэй гишүүд жүжигчин бүсгүйчүүдтэй эн зэрэгцэх гэж арга ядсан хэрэг мэт санагдсаныг нуух юун.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж