Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадмаас шилдэг эмэгтэй ганц хүний жүжгийн төрлийн цомыг театртаа авчирсан “Солиорол” жүжгийг “Black box” театр дахин тайзнаа тавих нь ээ.
Зохиолч Сара Кейн Солиорол жүжгээ 1999 оны хоёрдугаар сарын 20-нд бичиж дууссаныхаа дараа амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барсанаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн Жервүүд театрт болжээ. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байгаа билээ.
4:48 гэдэг бол сэтгэл зүйн гүн хямралд орж, сэтгэцийн эмгэгтэй болсон Сара Кэйний байнга сэрдэг байсан цаг. Тодорхой дүр, тайзны бүтэц байхгүй энэ жүжгийн текст ч мөн өөр хоорондоо нарийн уялдаа байхгүй. Жүжгийн хүүрнэл хамгийн энгийн хар яриа, төгс найруулгатай, яруу найргийн мөрүүд гэх зэрэг найруулгын олон хэв маягийг харуулна.
Уг жүжгийн талаар “Гуардиан” сонин “Амиа хорлогчийн 75 минутын тэмдэглэлийг тайзны бүтээл гэх нь зүйтэй юү?” хэмээх асуултыг дэвшүүлж байсан бол “Телеграф” сонин “Дотоод ертөнц, оюун санаанд шатаж байгаа тэр шаналлыг мэдрэхгүй байх арга алга” гэж дүгнэж байжээ.
Ингээд “Black box” театрын арваннэгдүгээр сард тоглох жүжгүүдийн хуваарийг хамтдаа сонирхоё. Сонирхуулахад “Солиорол” жүжгийг драмын урлаг сонирхогчдод чамгүй хүлээлт үүсгэсэн бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа тоглож байгаа ажээ.
Э.ТЭКҮ