Германы шигшээ болон “Байерн Мьюнхен” клубын хаалгач Мануэль Нойер дэлхий шилдэг хөлбөмбөгчид олгодог “Ballon d"Or” шагналыг хүртэх магадлалтай тамирчдын дунд нэлээд дээгүүр байрт яваа билээ. Тэрбээр Германы шигшээ багийн хамтаар хөлбөмбөгийн Дэлхийн аваргын алтан цомын эзэн болсноос гадна “Бундеслига”, Покал цомд магнайлсан юм. Энэ жилийн хувьд урьдын адил Месси, Роналду нар “Ballon d"Or”-ын өрсөлдөөнд дээгүүр бичигдэж байгаа бөгөөд тэдэнтэй өрсөлдөх өөр нэг тамирчнаар мэргэжилтнүүд Мануэль Нойерыг хэмээн үзэж байгаа.
Гэхдээ хаалгачдын хувьд “Ballon d"Or” хүртэх магадлал тун бага байдаг бөгөөд түүхэнд 1963 онд ганцхан удаа хаалгач дэлхийн шилдэг болж байсан. Харин энэ талаар Нойер өөрийн өрөлдөгчдийн нэг болох Португалийн шигшээ баг болон “Реал Мадрид”-ын супер од Криштиану Роналдуг ёжлосон байдлаар зарим нэг зүйлийг ярьжээ.
Тэрбээр, “Би Роналду шиг дотуур хувцас сурталчилж, улаан хивсний ёслолд оролцоод байдаггүй болохоор “Ballon d"Or” хүртэхэд хэцүү байх болов уу. Би мэргэжлийн тамирчин хүн. Түүнээс биш элчин сайд, ямар нэг брэнд биш. Би улаан хивсэн дээр алхахаас илүү ногоон зүлгэн дээр тоглохыг илүүд үздэг. Одоо хүмүүсийн хардаг гол зүйл нь гоол болон дамжуулалт. Хаалгач ямар их эрсдэл гаргадаг гэдгийг үзэгчид үнэлдэггүй юм шиг санагддаг” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.mminfo.mn