Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Соёл, спорт аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт маргааш 18.00 цагаас Спортын төв ордонд эхлэх гэж байна. Спортын төв ордонд өнөөдөр МҮСБХ болон зарим багийн тоглогч, дасгалжуулагч, шүүгчдийн төлөөлөгчдөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол үндэсний сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга А.Тулга хэлэхдээ: “”Үндэсний супер” лигийн техникийн зөвлөлийн хурал өчигдөр болсон. Албан ёсоор 10 баг бүртгүүлсэн бөгөөд бүгд сугалаанд оролцсон байгаа. Лигийн гурван удаагийн аварга “Гэгээн хангай лидер” (хуучнаар “Лидер”), 2011 оны аварга “Баянзүрх Ханталстын Ирвэсүүд” (хуучнаар “Баянзүрх Буллс”), өнгөрсөн жилийн аварга “Баянгол шонхорууд” (хуучнаар “Гурвантамир”) зэрэг багууд оролцохоор бүртгүүлээд байна. Зарим багууд нэрээ болон спонсороо сольж орсон байна. Мөн баг бүрт 1-2 легионер тоглогч оролцох юм. Өнөөдрийн байдлаар 5 легионер тоглогч Монголд ирээд байгаа бөгөөд ирэх долоо хоногт бүх тоглогч ирсэн байна. Тэмцээний хуваарийн дагуу нээлтийн өдөр буюу маргааш хоёр тоглолт болно. МҮСБХ-оос Улаанбаатар хотод болон 21 аймагт олон тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Мөн манай сагсчид энэ жил оролцсон Олон улсын тэмцээнд өндөр амжилтыг үзүүллээ” гэв.
Ингээд “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улиралын тоглолтод оролцох 10 багийг танилцуулья: (Өчигдөр болсон сугалаагаар)
1. “Баянзүрх Ханталстын ирвэсүүд” (“Баянзүрх Буллс” баг ивээн тэтгэгчээ сольсон)
2. Төв аймгийн “Төв ургац”
3. “Говь-Алтай Монторх”
4. “Баянгол Шонхорууд” (“Гурвантамир” баг ивээн тэтгэгчээ сольсон)
5. “СБЛ Хасын Хүлэгүүд”
6. “Дорнод Танан Гарьд”
7. ПУБ Альянс тэх xарцага”
8. Хэнтий Чингис хот “Хасумегаватт” баг
9. “Дорноговь Интерстандарт нефть компаний “Valvoline” баг
10. “Өвөрхангай Гэгээн xангай лидер” гэсэн байдлаар сугаллаа.
Энэ жилийн супер лигт өрсөлдөх С.Ганзориг дасгалжуулагчтай “Дорноговь Өргөө” багт тоглох NBA-гийн “Атланта Хоукс”, “Нью Орлеанс Хорнетс”, “Сан Антонио Сперс” багт тоглож байсан Карлделл Жонсоны сэтгэгдлийг сонслоо.
-Манай улсын талаар ямар төсөөлөлтэй байв?
-Гурван жилийн өмнөөс Монголын талаарх мэдээллийг авч байсан. Улаанбаатар хотыг хүн ам олонтой, хөдөлгөөн ихтэй юм байна гэж бодож байсан чинь их тайван хот юм байна. Телевиз, интернетээр монголчуудын тухай нэвтрүүлэг үздэг байсан. Монголчууд их найрсаг хүмүүс юм.
-“Үндэсний супер” лигийн тэмцээн маргааш эхэллээ. Шинэ улирал хэр өрсөлдөөнтэй болох бол.
– Сүүлийн гурван жилийн хугацаанд Монголын лигийн талаар судлахад өрсөлдөөнтэй болдгийг анзаарлаа. Олон лигонер тоглогч тоглож байгаа нь өрсөлдөөнийг бий болгож байгаа болов уу. Цаашид улам сайн хөгжинө гэдэгт итгэж байна. Тиймээс би энд тоглохоор ирсэн. Бэлтгэл сургуулилалт, тоглолтын дундуур зав гаргаж хүүхдүүдэд өөрийн мэддэг, чаддаг бүхнээ зааж өгөх бодолтой байна.
-Монгол тамирчдын ур чадварыг хэр сайн мэдэх вэ? Лигийн тоглолтын өрсөлдөөний тухайд?
-Монголын тамирчид бүх байрлалд маш хүчтэй тоглодог юм байна. Байрлал бүрд сайн тоглодог тамирчид олон байна. Өрсөлдөөн маш их гарах нь ойлгомжтой. Тиймээс бэлтгэлээ сайтар хийж, уран гоёмсог тоглолтоор монголчуудад бэлэг барихыг хүсч байна. Мөн хүүхдүүдтэй ажиллахыг хүсэж байна.
-Монголд ирсэн легионер тоглогчдын тухай хэр сайн мэдэх вэ?
-Бүх тамирчдыг сайн мэдэхгүй. Зарим нэг тамирчдыг мэднэ. Коллежийн багт хамт тоглож байсан Бранк Хонгийг сайн мэднэ.
-Монголоос өөр оронд тоглож байсан тохиолдол бий юу?
-Белги, Мексик улсуудад 2-3 улирал тоглож байсан.
-Монголд ирэхийн өмнө Монголын тамирчдын тоглолтыг үзсэн байх. Манай тамирчдын ур чадвар Америк тамирчдаас ялгагдах онцлог юу байна вэ?
-Америкийн тамирчдын хувьд нуруулаг, хурдтай байдаг. Мөн илүү хүчтэй байж магадгүй. Гэхдээ Монголын тамирчдын хувьд хүч гаргаж тоглодог. Үүгээрээ ялгаатай болов уу.
-Монголын үндэсний лигт тоглох саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүсэлтийг анх хүлээж аваад сэтгэл маш их хөдөлсөн. Мөн тухайн үед өөрөөрөө бахархаж байсан. Монголын лигт тоглох анхны NBA-гийн тоглогч болсондоо баяртай байна. Танай улсын лигийн талаар судлахад их өрсөлдөөнтэй болдог нь анзаарагдсан.
КАРЛДЕЛЛ ЖОНСОН: Түүний хувьд 1983 онд АНУ-ын Нью-Орлеан хотод төрсөн. Тэрээр их сургуульдаа 2002-2006 оны хооронд Солт Лейкийн коллеж болон Алабамагийн Бирминхэмийн их сургуулийн багуудад тоглож байсан. Энэ хугацаандаа 2006 онд NCAA-н 1-р дивизионы эхний багт нэрлэгдэж байснаас гадна, конференцийнхоо шилдэг хамгаалан тоглогчоор тодорч байсан, шилдэг тоглогч байжээ. Мөн 2005 оны 11-р сард Өмнөд Каролинагийн их сургуулийн эсрэг хийсэн тоглолтонд 12 УДАА БӨМБӨГ ТАСЛАЛТ хийж, NCAA-н 1-р дивизионы түүхэнд ХОЁРТ орох, түүхэн статистик үзүүлжээ. Улмаар 2006 онд NBA-д нэрээ дэвшүүлж байсан ч, сонгогдож чадаагүй байна.
Тэрээр 2006-2007 онд Бельгийн мэргэжлийн лигийн “Вервиерс Пепинстер” баг, Мексикийн дээд лигийн “Халконес де Халапа” багуудад тоглохдоо дунджаар 15,7 оноо, 3,3 самбараас бөмбөг авалт, 5,0 оновчтой дамжуулалт дундажлажээ. Мөн 2007-2011 оны хооронд NBA-н "Сан Антонио Спөрс" багийн Хөгжлийн лигийн баг болох “Остин Торос” баг багт 4 жил тоглосон байна. Энэ хугацаанд тэрээр ур чадвараа үнэлүүлж чадсанаар, 2011 онд төрөлх хотынхоо "New Orleans Hornets" багт сонгогдож, хүсэл мөрөөдлөө биелүүлж, NBA-н талбай дээр хөл тавьсан юм. Мөн тэр жилийнхээ NBA-н зуны лигт "Атланта Хоукс" багийн өмсгөлийг өмссөн. Үүний дараагаар буцаад NBA-н Хөгжлийн лигийн “Остин Торос” багтаа ирж, 2012 онд NBA-н хөгжлийн лигийн АВАРГА гэсэн эрхэм хүндтэй цол хүртжээ. Тэрээр 2014 он хүртэл “Остин Торос” багтаа тоглоод, өнгөрсөн улиралд Венесуэлийн лигт тоглосныхоо дараагаар, ийнхүү Монголын Үндэсний Супер лигт хүрэлцэн ирж байгаа нь энэ юм.
“Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлт маргааш 18.00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ. Энэ өдөр “Баянгол Шонхорууд”-“Говь-Алтай Монторх”, “Баянзүрх Ханталстын Ирвэсүүд”-“Өвөрхангай гэгээн хангай лидер” багуудын тоглолт болох юм.
Ч.БОЛОРЧУЛУУН