Хязгаарлалтын цагийг наашлуулах уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Хязгаарлалтын цагийг наашлуулах уу?

“Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх цагийг 20.00 цаг болгон өөрчлөх нь зүйтэй”  гэх санал цахим ертөнцөд ид өрнөж байна. Цаг агаар хүйтэрч байгаа тул үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхэд бэрх, автобус унаа хүлээхэд даардаг, нийтийн тээврийн хүрэлцээ маш муу зэрэг шалтгаанаар энэхүү санал иргэдийн дунд багагүй дэмжигдэж байгаа аж. Хэдийгээр энэ санал өнгөрсөн өвөл болон зуны амралтын саруудад багагүй яригдсан ч нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн болон НЗДТГ-аас энэхүү саналыг дэмжээгүй юм.

Харин энэ удаа хэрхэх талаар албаныхнаас тодруулахад “Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал багагүй ирж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 оноос эхлэн автомашины дугаарын сүүлийн тоогоор ангилан ажлын өдрүүдэд 08.00-22.00 цаг хүртэл хотын төв бүсэд хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан. Хэрэв нийслэлийн иргэдийн дийлэнх нь дэмжсэд энэ захирамжид өөрчлөлт оруулах эсэхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барих болно” гэдэг хариултыг өгч байна. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын цагийн хуваарийг өөрчлөх эсэхийг эхлээд иргэдээс асууж түүний дараа энэ асуудалд нийслэлийн удирдлагууд анхаарал хандуулах гэнэ.

Харин Замын цагдаагийн газраас өвлийн улиралд хязгаарлалтын цагийн хуваарийг өөрчлөх нь тийм ч оновчтой шийдэл биш гэдгийг анхааруулж байна. Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч н.Энхболд “Өвлийн цагт хальтаргаа гулгаа ихэсдэгтэй холбоотойгоор хотын төв замууд 20.00 цагийн үед ид ачаалалтай байдаг. 21.00 цагаас эхлэн хөдөлгөөн сийрэгжиж, түгжрэл багагсдаг. Тиймээс 22.00 цагийг 21.00 цаг болгон өөрчлөх эсэх талаар санал дэвшүүлэх нь зүйтэй” гэсэн юм.

Ямартай ч иргэдээс багагүй санал ирж байгаа учир энэ асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулах эсэхийг нийслэлийн удирдлагууд шийдэх биз ээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж