Алуурчинд гурав дахь удаагаа гэрлэхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Алуурчинд гурав дахь удаагаа гэрлэхийг зөвшөөрөв

Чарльз Мэнсон, 1970 он. AP Photo/Wally Fong

Бүх насаараа хоригдох ялтай алуурчин Чарльз Мэнсон өөрийн залуухан шүтэн бишрэгч Эфтон Элайн Бартонтай гэрлэх тусгай зөвшөөрөл авчээ. Fox телевиз мэдээлснээр, 80 настай Мэнсон, 26 настай Бартон нарт 90 хоногийн дотор гэрлэж болох зөвшөөрлийг арваннэгдүгээр сарын 8-нд өгсөн байна.

Хэрэгтэн өмнө нь хэзээ ч Бартонтай гэрлэхгүй гэж байсан ч зөвшөөрөл хүссэн өргөдөлд  хоёр талын гарын үсэг зурагдсан байжээ. Мэнсон шоронд хоригдохоос өмнө хоёр ч удаа гэрлэж байсан, дөрвөн хүүхэдтэй нэгэн юм.

Хэрэв тэр Бартонтай гэрлэвэл Калифорнийн хуулийн дагуу  ёслолдоо шоронгийн 12 найзаа мөн үйлчлэгчийг урих эрхтэй. 2012 онд хугацаанаас өмнө  чөлөөлөгдөх Мэнсоны хүсэлтэд нь 12 дахь удаагаа засаг татгалзсан юм. Дараагийн удаа тэрээр ийм хүсэлтээ 2017 онд 92 нас хүрэхдээ өгөх эрхтэй.

Чарльз Мэнсон гэгч хэн бэ?

Чарльз Мэнсон, 1986 он.

Чарльз Мэнсон нь ХХ зууны алдартай гэмт хэрэгтнүүдийн нэг. Түүний “Гэр бүл” гэсэн коммунд байсан гурван хүний хамт Мэнсон 1969 оны зун долоон хүнийг хөнөөсөн юм. Хохирогчдын дунд найруулагч Роман Полонскийн эхнэр, жирэмснийхээ ес дэх сартай, жүжигчин Шэрон Тайт байжээ.

Мэнсон хэргийн шууд гүйцэтгэгч биш байсан ч гэмт хэргийн бүлэг зохион байгуулсан буруутай гээд цаазын ял сонссон юм. Гэтэл Калифорни муж улсад цаазын яланд хориг тавьсан учир 1972 онд түүний ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилжээ. Чарльз Мэнсон одоо хүртэл олон хүний анхаарлыг татдаг. Ганцаар хорих өрөөнд ялаа эдэлж байгаа Коркораны шоронгийн хаягаар сэтгэл зүйн мэргэжлээр сурч байгаа олон оюутнууд, криминалистик үздэг сонсогч нараас захидал их ирдэг бөгөөд зарим нь түүнтэй уулзан ярилцах хүсэлт гаргадаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж