Л.Болд: Ч.Сайханбилэгийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Л.Болд: Ч.Сайханбилэгийг дэмжинэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийн асуудлыг авч хэлэлцэж, олонх дэмжлээ. Бүлгийн хуралдаанд нийтдээ  29 гишүүн оролцсоноос 19 нь Ч.Сайханбилэгийг дэмжсэн бол 10 нь эсэргүүцсэн байна.  Харин зургаан гишүүн тодорхойгүй шалтгаанаар хуралдаа оролцоогүй юм.  Тэдгээр зургаан гишүүний хувьд нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг  дэмжээгүйдээ хуралд оролцоогүй юм биш  гадаад, дотоодод томилолттой байсан бололтой.

Бүлгийн хуралдаандаа ирж оролцоогүй зургаан гишүүний нэг бол УИХ-ын гишүүн Лу. Болд. Түүнээс ямар шалтгаанаар хуралдаа оролцоогүй талаар  утсаар тодруулсан юм.

-Сайн байна уу, Танаас нэг зүйлийг тодруулах гэсэн юм?

-Сайн. За асуу, асуу?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болсон. Энэ хурлаар  Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн  асуудлыг  хэлэлцсэн олонх дэмжсэн гэдгийг та  мэдэж байгаа байх. Гэхдээ та энэ хуралд яагаад оролцоогүй юм бэ?

– Энэ сарын 16 буюу өнгөрсөн ням гаригт Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлсний нээлтийн ёслол Алтанбулаг боомтод болсон. Энэ нээлтийн ёслолд оролцлоо. Үүний дараа Буриадын Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайдтай нь уулзалт зохион байгуулсан.  Өнгөрсөн есдүгээр сард  Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчилж, энэ үеэр хоёр улсын иргэдийн харилцан визгүй болгох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүний дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор  харилцан визгүй зорчих болсны ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Манай намын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сонссон.  Миний хувьд ажлын томилолттой байсан болохоор хуралдаа оролцож чадсангүй.  Одоо Улаанбаатар руу буцаж байна.  Маргааш чуулганы хуралдаа амжаад оччих байх.

-Хэрэв бүлгийн хуралд суусан бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшихийг нь дэмжих байсан уу?

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өнгөрсөн баасан гаригт болж, хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг сонссон. Энэ хурлаас Ч.Сайханбилэг олонхын буюу 93 хүний санал авч Монгол Улсын Ерөнхий сайдад  дэвшихээр болсон.  Би ҮЗХ-ны гишүүн. Олонхийн саналын дагуу ҮЗХ-ноос гарсан шийдвэрийг дэмжих болно. Тэгэхээр Ерөнхий сайдад  Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн ҮЗХ-ны шийдвэрийг дэмжиж байгаа гэсэн үг.

-УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэгийн асуудлыг авч хэлэлцэнэ. Та дэмжих үү?

-ҮЗХ-ноос гаргасан шийдвэрийг хүндэтгэх ёстой.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж