“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Сирийг зорьж явсан гадаадын тусламжийн цуваа руу дайрч, зургаан жолоочийг барьцаалсан байна. Исламын хэт даврагчид тусламжийн цувааг хүргэж явсан Сирийн зургаа, өөр орны нэг жолоочийг барьцаалжээ. Үүний зэрэгцээ Германы Засгийн газраас Сирид зориулсан 300 мянган ам.долларын өртөг 30 ширхэг цахилгаан үүсгүүр, Америкийн хүмүүнлэгийн байгууллагаас илгээсэн 600 гаруй боодол, сав хүнсний бүтээгдэхүүн “Исламын улс” бүлэглэлийн гарт орсон байна.
Сирийн зөрчил мөргөлдөөний хөлд зүдэрсэн ард иргэдэд олон улсын хандивлагчид 2.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн боловч дахин зургаан тэрбум ам.доллар шаардлагатай байгааг НҮБ-аас мэдээлжээ.
“Исламын улс” бүлэглэл сүүлд Америкийн иргэн хүн 26 настай Питер Кэссигийг цаазалж, бичлэгийг нь интернэтээр цацсан нь олон улсыг сэрдхийлгэсэн билээ. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл өнгөрсөн наймдугаар сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Ирак, Сирийн нутагт агаараас цохилт өгч эхлээд буй юм. “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчид богинохон хугацаанд Ирак, Сирийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлж, хяналтаа тогтоожээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Wall Street Journal