Төрийн мэдээллийн шинэ дугаар хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Төрийн мэдээллийн шинэ дугаар хэвлэгдэв

Эмхтгэлийн энэ удаагийн 25 дахь дугаарт “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль болон олон улсын зарим Протокол, Гэрээнд нэгдэн орох тухай хуулиудыг тус тус  нийтэллээ.
Эм,эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар Хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт эм, био бэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан байна.
 Эмийн үндэсний бодлого нь эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмээр тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэхээр хуульд заасан байна. Эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дэргэдээ хүний болон малын эмийн асуудал хариуцсан Зөвлөлтэй байх бөгөөд түүний эрх, үүргийг хуульд тодорхой тусгажээ.
 Мөн  эм барих үйл ажиллагааг хэн эрхлэх,эм хангамжийн байгууллагын үүрэг, баримтлах зарчим, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэхэд тавих шаардлага, түүний чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангах,  эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр хэрхэн нэвтрүүлэх, шинэ эм бүтээх,  эмийн мэдээлэл, зар сурталчилгааг хэрхэн явуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг зөвхөн  “Төрийн мэдээлэл” эмхтгэл өгнө.
  Эмхтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Хөгжлийн индексийн тухай” Засгийн газрын тогтоолоор, орон нутгийг жигд хөгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшинд тулгуурлан оновчтой төлөвлөхөд ашиглах хөгжлийн индекс тооцох аргачлал, индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг баталсан байна. Хөгжлийн индексийн үр дүнг салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд ашиглах бөгөөд, хөгжлийн индексийг жил бүр тооцон гаргаж, нийтэд мэдээлэх юм байна.
 Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд бүрэн эхээр нь нийтэллээ.  “Хууль бус зэвсэгт бүлэглэл”, “Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох”, “ Уулгалан довтлох”, “”..зохион байгуулалттай …бүлэг” зэрэг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаарх мэдээлэлтэй “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж