УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрээ гаргасан юм. Тус бүлэг нийт 35 гишүүнтэй ч 29 нь оролцож, 19 нь Ч.Сайханбилэг сайдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Тэгвэл энэ удаагийн бүлгийн хуралдаандаа намын даргын суудлаа өгөөд удаагүй байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын 10 гишүүн оролцоогүй аж.
Ингэхдээ Ч.Сайханбилэг гишүүнийг сайдад нэр дэвшүүлснийг дэмжихэд “Алтан гадас” фракцийнхнаас гадна “Шонхор”-ын олонхи, мөн “Нэг ардчилал”-ынхнаас цөөн тооны гишүүд дэмжсэн байна. Түүнчлэн МоАХ-ны тэргүүн Х.Баттулга Ч.Сайханбилэгийг дэмжиж кноп дарсан гэх мэдээлэл байна.
Харин дэмжээгүй талд УИХ-ын гишүүн М.Батчимэг болон МҮДН-ийн ихэнх гишүүдийг оруулж болох аж.
Г.ДАРЬ