Уламжлалт наадмын “уянга” тасрав

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Уламжлалт наадмын “уянга” тасрав

“Алтан намар” хөгжмийн урлагийн наадам энэ жил өнжих нь ээ. Анх 1982 онд зохион байгуулагдаж өдгөө 32 дахь жилийнхээ нүүрийг үзэж яваа уламжлал болсон наадам өнжих болсон шалтгаан нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 50 сая төгрөгийн санхүүжилт гаргахгүй болсонтой холбоотой гэнэ. Жил бүр 30-50 хөгжмийн зохиолч оролцож, урлагийн салбарын бүх шилдэг хөгжмийн аялгууг шалгаруулах наадам завсарлах болсон нь хөгжмийн зохиолчдын төдийгүй урлагийн салбарын уран бүтээлчдийн ундууцлыг нилээд хүргэж байгаа аж.

Эл наадмыг урлагийн салбарын томоохон наадмуудтай харьцуулвал Драмын урлагийн “Гэгээн муза”, кино урлагийн салбарын “Academy awards” зэрэг салбар салбарын шилдэг наадмуудтай дүйцүүлж болох юм. Хөгжмийн салбарын уламжлалт наадмыг хийхгүй болиулна гэвэл хөгжмийн зохиолчдыг үгүйсгэж, хөгжмийн уянга тасарсанаас ялгаагүй зүйл болов уу.

Ингээд энэ талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Чулуунхүүтэй утсаар холбогдож ярилцсанаа уншигчиддаа хүргье.

-Алтан намар наадам болохгүй гэдэг нь үнэн үү?

-Үнэн, болохгүй.

-Томоохон хөгжмийн салбарын уламжлал болсон наадам болохгүй болсон шалтгаан нь санхжүүжилттай холбоотой боллоо.

-Тиймээ, Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас санхүүжилт хийхгүй гэсэн хариу өгсөн.

-Яагаад санхүүжилт өгөхгүй гэсэн бэ, хэчнээн төгрөгийн санхүүжилтийг хийх байсан юм бол?

-50 сая төгрөгөөр санхүүжүүлэх байсан ч хийхгүй болсон. Засгийн газрын тогтоолоор гэсэн хариу өгсөн.

-Жил бүр болдог наадмын үр дүн нь юу вэ?

-Тухайн жилийнхээ шилдэг хөгжмийн зохиолч, хөгжмийг тодруулдаг. Энэ наадамд дуунаас бусад бүх салбарын хөгжим орно шүү дээ. Драм, сонгодог урлаг, ардын хөгжим, цөөхүүл хөгжим гэх мэт.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж