Монгол Улс жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, онцгой гавьяа байгуулсан нэг хүнийг “Чингис хааны одон”-гоор шагнадаг уламжлалтай. Энэ жилийн Монгол бахархлын өдөр” арваннэгдүгээр сарын 23-ны өдөр тохиох гэж байна. Уг өдөр ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ зохион байгуулдагийн нэг нь төрийн тэргүүн зэргийн шагнал болох Чингис хааны одон гардуулах үйл ажиллагаа юм.
“Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон бөгөөд 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталснаар олгогдож эхэлсэн байдаг. Тогтоолд энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар заасан бөгөөд 2012 оноос өөрчлөлт оруулж, “Монгол бахархлын өдөр”-өөр гардуулж байх болсон юм. Энэ жил уг шагналд төр, нийгэм, соёл, урлаг, шинжлэх ухааны салбараас олон хүний нэр дэвшүүлснээс физикийн салбарт нэрээ дуурсгасан эрдэмтэн Хавтгайн Намсрайд олгохоор шийдвэрлэжээ.
Өмнө нь энэхүү шагналыг голдуу улстөрийн салбарынхан хүртдэг /Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Улсын Бага хурлын дарга, анхны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном/, урлаг соёлын салбараас 2009 онд Төрийн соёрхолт Б.Шарав л тэдний завсраар орж байсан бол энэ жил ийнхүү шинжлэх ухааны салбараас анхны шагналтан төрж байгаа юм. Шинжлэх ухааны салбараас энэхүү шагналын эзнээр анх тодорсон нэрт эрдэмтэн Х.Намсрайг “ММ” өнгөрсөн “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр нэрлэж байна. Академич Х.Намсрай нь 1943 онд Завхан аймагт малчин ард Хавтгайн хүү болон мэндэлсэн бөгөөд Москвагийн их сургуулийг 1968 онд төгсч, амьдралынхаа 46 жилийг физик-математикийн шинжлэх ухааны салбарт ажиллажээ.
Академич Х.Намсрай физикийн салбарт Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон, математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан нэрт эрдэмтэн юм. Тэрбээр шинжлэх ухааны салбарт 46 жил зүтгэхдээ эрдэм шинжилгээний өгүүлэл 100 гаруйг туурвиж, гадаад, дотоодын сэтгүүлд хэвлүүлснээс гадна эрдэм шинжилгээний 30 гаруй ном, сурах бичиг, тойм өгүүлэл бүтээлцсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, багш юм.
Х.Намсрайн оюуны бүтээл, авьяас чадвар, нөр их хөдөлмөрийг Монгол Улс өндрөөр үнэлж, 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал олгож байжээ. Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвиж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсан хүн юм. Их эрдэмтэн Х.Намсрайд “Чингис хааны одон” гардуулах ёслол Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11 дүгээр сарын 23-ны билигт сайн өдрийн морин цагт Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт Ёслол хүндэтгэлийн танхимд болох бөгөөд орон даяар шууд дамжуулах юм байна.
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn