“Үгийн урлаач байна гэдэг асар их үүрэг хариуцлага” гэж нэгэн багш минь хэлж байсан санаанаас огт гардаггүй юм. Өнөөдөр ч энэ үг дахин бодогдоно. Учир нь нэгэн цагт уран бүтээлээ хамт туурвиж “үгийн урлаач” болохоор сэтгэл шулуудан хичээж яваа эрхэм анд Гантогтохын Лхагвадорж анхны яруу найргийн түүврээ хэвлүүлсэнээ хэрэг болгон ажил дээр минь авчирч өгөв. Ном хэвлэлтээс гарах мэдрэмж маш сайхан. Ялангуяа анхны ном. Тиймдээ ч өнөөдөр түүний царай гэрэлтэж харагдана лээ. Энэ мэт зүйлс бидний дунд л өрнөх учиртай тул түр орхиод түлхэж гол ажилдаа оръё.
Тэр номоо “ЗҮРХЭН ЦОХИЛГО” хэмээн нэрийдсэн байна. Нэр сонгоно гэдэг амаргүй ажил байдаг ч тэр чаджээ. Тэр ер нь үр хүүхдэдээ хүртэл сонин содон нэр хайрладаг юм. Том охиндоо Л.Борголжин гэж нэр хайрласан бол хүүгээ Л.Хөхүхас гэж нэрлэсэн.
… Түүний анхны ном нилээд хожуу гарч байгаа боловч энэ удаад ЭМЗЭГ СЭТГЭЛ, ЗҮРХЭН ЦОХИЛГО, ЦЭЭЖНИЙ ХӨНДҮҮР гэсэн гурван бүлэгт хуваан өөрийн дотоод сэрэл мэдрэмжээ уншигч олныхоо өмнө дэлгэн тавьжээ.
Төө ургасан халгайг эмийн жороор хэрэглэдэг
Түүнээс өнөөдөр бол хогийн ургамалд тооцогддог
Түүн лүгээ бидний учрал
Төгсгөлтэй л байхгүй бол горьгүй ээ…/Г.Лхагвадорж “ЗҮРХЭН ЦОХИЛГО”16-р тал/ хэмээн бичиглэжээ. Ер түүний ихэнх шүлгүүд энгийн үг хэллэгтэй, хайр дурлалыг магтан дуулж, хоёр хүүхдэдээ зориулж, гэргийгээ хайрласан, аргадсан байна. Тийм ч учраас түүний анхны номыг өлгийдөн авч өмнөтгөл бичсэн Хонгор нутгийн хүү МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл “Бор дүрхэн эгэл амьдралын дундаас яруу найраг хэмээх дээд урлаг уянгалан дуурьсах нь булингарт мандалд бадам лянхуа дэлгэрэн лүгээ адил гайхамшиг билээ.” хэмээж түүний эгэл аж төрөхүйн тухай шүлгүүдийг тодорхойлжээ. Ерөөс Г.Лхагвадоржийн эл ном олон шүүмжлэгчдийн хэлдэгээр “бусдыг дуурайхын тулд элдэв хэлбэр хөөцөлдсөн” энгийн нэгэн болоогүй мэт.
Их сургуулиудын яруу найргийн дугуйлан “хэсэж”, унааны мөнгөгүйдээ биш ч зүгээр л тамхи асаан алхацгааж, утга уянгаар өвчилж явсан/одоо ч бид эдгээгүй/ тэр л үеэсээ хэн хэнийхээ шүлгийг сонсож явсан болохоор нэг нэгнээ “мэднэ” гэж бодсон минь эндүүрэл аж. Эдгэрэшгүй өвчтэй нөхдийн минь нэг Г.Лхагвадорж:
Шинэхэн трикогоо л өмсөнө гэж
“Шелкунчик” охин минь зөрүүдлэнэ
“Даарна…” гэж ижий нь загнаад
Давхарлаж зузаан өмдийг нь өмсүүлнэ
Хүслийг боогдуулсан ижийгээ охин
“Хүчирхийлэгч” гэсэн нүдээр ширтэнэ
Өөрөө ч ийм л явсан насаа дурсах тэр минь
Өрцөн дотроо битүүхэн гунигтай хоцорно
Завсрын өнгө хэчнээн заагаад сураагүй
Загал өнгийг охин минь
Санаа алдан тэнгэр ширтэхдээ
Саарал гэж анх нүдлэв./”ЗҮРХЭН ЦОХИЛГО” 62-р тал/ гэж бичсэнд нь цагаан атаархал эрхгүй төрж байна. Бусдад цагаанаар атаархах сайхан зүйл. Учир нь бид бүхэн хэн хэндээ цагааханаар атаархаж, биесээ хурцалж яваа нэгэн үеийнхэн юм. Харин дээрх шүлгийг ялимгүй гооч хүн анзаарч харвал “шүлэг бараг төгсчихсөн байхад сүүлийн дөрвөн мөрийг нэмж бичсэн нь илүүц болжээ” гэх байх. Гэхдээ хэнд хамаатай ч билээ дээ. Түүний л сэрэл мэдрэмж, хайр энхрийлэл, дотоод ертөнцөөс төрсөн зүйл юм чинь. Учир нь бидний үеийн нэгэн сод төлөөлөл болсон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ганболдын Баяр “Алтан өд” наадам авсан “Танихгүй цэцгийн үр” номондоо
Яарах хэрэггүй
Найрагч андууд минь тамхиа тат!
Яруу найргийн тэнгэрт
Ер бусын цэнхэр сар мандахыг хүлээ!…
…Алив далавчаа дэлгэ хамт нисэцгээе! хэмээн бидэнд бичиж үлдээсэн биш үү?
АЙ ДАА,
Үеийн охидын хөх ургаж эхлэхэд
Үнэмшсэн, би
Дэлхий бөөрөнхий гэдэгт. ХЭМЭЭХ ХЭН НЭГНИЙ “ГЭГЭЭН ТЭНЭГЛЭЛ” БУЙ УЧИР ОРЧЛОНД САЙХАН ЗҮЙЛ ИХ ЭЭ.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ