Монгол хонины ноосыг үнэд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Монгол хонины ноосыг үнэд хүргэнэ

Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдааны үргэлжлэл болох салбар хуралдаанд  УИХ-ын гишүүн Н.Батбаяр монгол хонины ноосыг дэлхий дахинд үнэ хүргэх бололцоотой талаар нэгэн сонирхолтой илтгэл тавилаа. Малчны хотонд хог болж, үнэ хүрэхээ байсан монгол хонины ноосоор барилгын дулаалга хийхэд өмнөд хөршөөс чингэлэг, чингэлгээр нь зөөж авчран монголчуудын халаасыг сэгсэрч буй шилэн хөвөнгөөс хэдэн хувь илүү тусна. Монгол хонины ноос олон талын ач холбогдолтой. Дуу чимээг нэвтрүүлэхгүй байхаас гадна хүний биед сөрөг нөлөөгүй. Дулаан хадгалах чанараараа монгол хонины ноосыг гүйцэх бүтээгдэхүүн дэлхийд одоогоор хаа ч алга. Дээр нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн.  Монгол хонь бэлчээрийн учраас тэр л дээ.

Монгол хонины ноосыг дэлхийд гаргахын тулд тэрбээр хоёр ч улсын технологийг Монголд нэвтрүүлэхээр зориг шулууджээ. Нэг нь Герман, нөгөө нь Япон технологи. Малчдын хувьд гар аргаар эсгийгээ хийгээд байхад л болно. Малчдын дунд уралдаан зарлаад байгаа гэж хэлээд салбар хуралдаанд оролцогчдын цөсийг хөөргөөд авлаа.

Монголын мал аж ахуйгаас гарах цагаан идээ дэлхий дахины брэнд болох цаг бас айсуй. “Бизнес инкубатор” холбооны ерөнхийлөгч н.Энхтуяагийн тайлбарласнаар өнгөрсөн жил Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк хамтран Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Монгол малаас гарах сүү цагаан идээ, тодруулж хэлбэл, шар тос, айраг, аарц гээд хотынхны мартах шахаж байгаа бүтээгдэхүүнүүд Дэлхийн шинжлэх ухааны бүтээгдэхүүнд багтсан байна. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг ангиллаар. Химийн ямар нэг хольцгүй байгалийн ийм цэвэр бүтээгдэхүүнийг эх оронд нь үйлдвэрлэн, хөгжүүлэх зорилго дор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ ондоо хоёр аймагт туршилтын журмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд түүнд Архангай, Өвөрхангай аймгууд багтжээ. Ийнхүү Монголын малын аж ахуйг түшиглэн дэлхий дахинд байгалийн цэвэр бүтээгдэхүүнээрээ алдарших “шаанс” монголчуудад байгаа тухай урамтай сайхан мэдээ улстөрийн хатуухан уур амьсгалыг зөөлрүүлж, итгэл далласан юм.

 Г.Дарь   
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж