Н.Алтанхуяг: Монголын ардчилалд том зорилго бий

Хуучирсан мэдээ: 2014.11.16-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Монголын ардчилалд том зорилго бий

Миний бие Норовын Алтанхуяг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 8-р сард, Ардчилсан намынхаа гишүүдийн итгэлийг хүлээн Ардчилсан намын даргаар сонгогдон 6 жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт 4 жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар 2 жил гаруйн хугацаанд ажиллалаа.

Өнгөрсөн 6 жилд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна.

Энэ бүх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зүтгэсэн 20 гаруй жилийн маань үр дүн юм. Өнөөдөр энэ танхимд Монгол улсынхаа хувь заяаг нуруундаа үүрсэн мянга мянган Ардчилагчдын маань төлөөлөл сууж байна. Хүнд цаг үе, аливаа саад бэрхшээлийг бид нэгдмэл зорилго, хоорондын эв нэгдэл, үнэт зүйлээ баримтлан даван туулах ёстойг Монгол төрийн их оршихуй бидэнд ахин сануулж, сургамжилсан өдрүүд үргэлжилж байна.

Улс орны хувь заяа, хөгжил дэвшил нь алсын хараа, холын бодлого дээр суурилдаг. Харин алсын хараа, холын бодлого нь үнэт зүйл, зарчим, дүрэм журам дээр бэхждэг. Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хариуцлага хүлээн удирдаж байгаа Ардчилсан нам дүрэм журмаа хатуу мөрдөж, зарчмаа чандлан сахих нь зөв ёс зүй мөн гэдэгт огтхон ч эргэлзэлгүйгээр, миний бие шүүмжлэл, гүтгэлэг доромжлол, хууралтыг сөрөн байж намынхаа дүрмийг чандлан мөрдөж ажиллаж ирлээ.

2016 оны сонгууль болоход ердөө 1 жил 7 сарын хугацаа үлджээ. Энэ богино хугацаанд бид Монгол ард түмний өмнө хүлээсэн үүрэг, бүтээн байгуулалтын мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх зорилгын төлөө хоорондоо ойлголцон, шинэ эрч хүчээр шамдан ажиллахыг цаг хугацаа биднээс шаардаж байна.

Өнгөрсөн сонгуулийн ялалтын дарааМАНАН байгуулаад ажиллах нь хамгийн амаршийдэл байсан. Гэвч Монгол төр нэг намаас хэт удаанхараат байж, хүнд суртал, туйлшрал, авилга, шударга бус байдалд идэгдсэн ялзарсан системд зоримог шинэчлэл хийж, ардчилалын салхийг оруулахын тулд эрсдэлээс үл шантран амаргүй замыг сонгон 2 жил ажиллалаа. Энэ бол Ардчилал, эрх чөлөөгөө улам бэхжүүлж, Ардчилсан намыг илүү хүчтэй байлгахын тулд, Монгол орноо хүнд сурталгүй, хурдтай хөгжингүй улс болгохын тулд, Монгол хүнээ монголдоо сайхан амьдруулахын тулдҮЗХ-ны гишүүд Та бидний хамтын сонголт байсан бөгөөдэнэхүү итгэл үнэмшил маань миний хувьд одоо ч хэвээрээ гэдгийг нотлон илэрхийлье.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж олонх нь үзээд цаашид АН-ын даргаа үргэлжлүүлэн хий гэжитгэл хүлээлгэсэнд Та нартаа баярлалаа.Гэвч төрийн болон намын хийж бүтээх олон зорилтуудыг хэрэгжүүлэх гол нөхцөл, гол хүч маань бидний хоорондын ЭВ НЭГДЭЛ гэдгийг онцлон тэмдэглэж, ЭВ НЭГДЛИЙН төлөө, Ардчилсан намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Та бүхнийг ойлгон хүлээн авна гэдэгт итгэж байна.

Хүн болгонд амьдралаасаа салгаж болдоггүй эрхэм чухал зүйлүүд байдаг. Эх орон, ард түмнээс дутуугүй үзэл санаа, итгэл үнэмшил хүний мөн чанарыг тодорхойлдог гэдэгт би итгэдэг. Миний хувьд тэрхүү итгэл үнэмшил, үзэл санаа, үнэт зүйл маань Ардчилал, эрх чөлөө юм.

Өнгөрсөн бүх хугацаанд Ардчилсан намын гишүүд эрхэм зорилгынхоо төлөө тасралтгүй хөдөлмөрлөж, тасралтгүй тэмцсэн. Тийм болохоор Монголын өнөөгийн ардчиллын уран дархчууд бол намын гишүүд, манлайлагчид нь Та нар минь юм.

Бид ялагдал, урвалт, уй гашуу, бутрал, хуваагдал гээд маш их саад бэрхшээлийг үзсэн, туулсан, давсан хатуужсан. Эв нэгдэл, ялалт, бахархлаа ч хуваалцсан.

Энэ дашрамд бусдын хатгаасаар хагаран бутарч, улс төрийн тавцангаас арчигдахаа шахаж байсан манай нам 5 сонгууль дараалан ялж, төрийн бүх өндөр хариуцлагатай албыг үүрч, зорилго, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжтой болсон энэ сайхан цаг үеийг үзэж чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн, өнөөдөр бидний дунд орон зай нь үгүйлэгдсээр байгаа журмын нөхдөө дурсан гүн хүндэтгэлээ илэрхийлье.

Өнөөдөр бид түүхэн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Цаг зуурын эдийн засгийн хямрал, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн, хэдхэн хүний гараар хийгдэж байгаа явцуу улс төр яах вэ, бид даваад, туулаад л гарна. Харин ард түмний бидэнд үзүүлсэн өндөр их итгэл найдварыг нь даах, эх орон, тусгаар тогтнолоо итгэж даатгасан сонголтыг нь бататгах, Ардчилсан нам эрийн цээнд хүрснээ харуулах амаргүй бөгөөд зөвхөн та биднээс, бидний эв нэгдлээс шалтгаалах түүхэн шалгуурыг давах нь нэн чухал байна.

Чухам үүний төлөө л Шинэчлэлийн Засгийн газар саад бэрхшээл дундуур зоригтой урагшилж, өөр ямар ч нам, улс төрийн хүчний сүүлийн 20 жилд хийж чадаагүй бүтээн байгуулалтыг олон жил гудамжинд байж,  хавчигдаж явсан намын гишүүдийнхээ тусламж дэмжлэгтэйгээр хийж бүтээснээр өнөөдрийн үр дүнд хүрсэн. Гэхдээ өнөөдрийн хүрсэн үр дүнгээс хэд дахин илүү үр дүнд хүрэх суурь тавигдсан гэдгийг мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнө итгэлтэйгээр, бахархалтайгаар мэдэгдье.

Миний бие Ардчилсан намын даргаар 6 жил ажиллалаа. Энэ хугацаанд Та бүхэнтэйгээ хамт хийж бүтээсэн ажлыг нийт гишүүд маань үнэлж дүгнэх биз ээ. Цаг хугацааны шалгуураар тодрох, үнэлэгдэх зүйлс ч бий л байх. Харин ийнхүү ажиллахдаа намын үндсэн зорилго, эв нэгдлээ хамгаас эрхэмлэж ирсэн гэдгээ энэхүү индрээс зориуд цохон тэмдэглэмээр байна.

Эдүгээ ч гэсэн өнөө маргаашийн жижиг асуудал, тулга тойрсон тэмцэл маргаанаас илүүтэйгээр том харж, алсыг тунгаах нь зөв гэж бодон аливаа асуудал дээр Ардчилсан нам хагарч, хуваагдаж болохгүй гэсэн байр сууриндаа бат байгаа.

Биднийг ирээдүй хүлээж байна. Тэр тусмаа Та биднээс ихээхэн шалтгаалах улс орны маань ирээдүй, үр хүүхдийн маань ирээдүй угтаж байна. Та бид хариуцлагатай, эв нэгдэлтэй, эрхэм зорилгодоо үнэнч байж эх орноо мандан бадраах учиртай. Эх орноо мандан бадраах эрхэм үүрэг Та биднийх, энэ үйлсийн түүчээ нь Ардчилсан намын гишүүд, дараа үе, залуу үе маань байна гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй, өнөөдөр бүүр ч итгэлтэй байна.

Ардчилсан намын түүх бол Ардчилсан Монгол Улсын түүх. Ардчилсан намын гишүүд хэцүү бэрхийг сөрж, хөр цас, аагим халууныг тэвчиж, хавчлага дарамт, занал сүрдүүлгийн доор өөрсдийн бахдам түүхээ бичсэн, цаашид ч бичнэ.

Түүхэн цаг хугацааны мөчлөг доор Ардчилалын төлөө 25 жил зүтгэж, улс төрийн томоохон хүчин, Ардчилсан намын хамт олноо удирдан ухамсарт амьдралынхаа 6 жилийг зориулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

25 жил гэдэг богинохон хугацаа юм. Талийгаач Зориг, Самбараа, Тэнгэр Цолмон, өнөөдөр мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгааЭлбэгээ, Үүл, Гончигоо, Баабар, Дорлигоо, Да.Ганболд гээд олон мянган журмын нөхдийн маань зорилгоо нэгтгэн нөхөрлөж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан өдрүүд өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Та бидэнд, Монголын Ардчилалд том зорилго, алсын хараа бий. Түүнийхээ төлөө хамтдаа зүтгэнэ ээ.

Мөн хүнд цаг үед хийж бүтээх үйлсийн төлөө зорилгоо нэгтгэн зүтгэсэн бүхий л хамтран зүтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ах дүү болж сэтгэл нэгтэй ажилласан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон, зөвлөхүүд болон намын ар талыг хатан ухаанаар гал цогтой хариуцсан генсек Ц.Оюундариар ахлуулсан намынхаа бүх хамт олонд онцгойлон талархаснаа илэрхийлж байна.

Та бүхэн маань, Монголын нийт ардчилагчид эв эеээ хичээн цаашид ялалтын буухиагаа тасалдуулалгүй үргэлжлүүлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. 

Эх орныхоо хувь заяаг нуруундаа үүрсэн журмын андуудын маань хараа хурц, ухаан саруул, зорилго зөв, үйлс ариун, эв эе нь улам батжих болтугай.

ХҮН ШИГ АМЬДАРЧ, УЛС ШИГ ХӨГЖЬЕ

МОНГОЛДОО ЭВТЭЙ САЙХАН АМЬДАРЦГААЯ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж