Талбайн теннисний эрэгтэйчүүдийн оны шилдгийг тодруулах "ATP World Tour Finals" тэмцээний шигшээд Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер нар шалгарлаа.
Английн Лондон хотноо үргэлжилж буй тус тэмцээний шагналын сан 6,5 сая ам.долларт багтаж буй аж. Тэмцээний ганцаарчилсан төрлийн "A" хэсгээс Сербийн Новак Жокович, Швейцарийн Стан Вавринка, "В" хэсгээс Швейцарийн Рожер Федерер, Японы Кей Нишикори нар хагас шигшээд шалгараад байсан юм. Тэмцээний шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө болж, дэлхийн манлай теннисчин Новак Жокович Азийн тэргүүн теннисчин Кей Нишикорийг 6:1, 3:6, 6:0-оор, Швейцарийн Рожер Федерер нутгийн теннисчин Стан Вавринкаг мөн л гурван үе үргэлжилсэн тоглолтод 4:6, 7:5, 7:6-аар хожсон юм. Ийнхүү аваргаа хамгаалахаар тоглож буй Сербийн Новак Жокович, тус тэмцээний зургаан удаагийн аварга Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер нар аваргын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.
Сербийн Новак Жокович – Японы Кей Нишикори(4) 6−1, 3−6, 6−0
Швейцарийн Рожер Федерер(2) – Швейцарийн Стан Вавринка 4–6, 7–5, 7–6(8–6)
Мөн тэмцээний хосын аваргын төлөө АНУ-ын хослол болох ихэр Брайнууд, Хорват-Бразилийн хослолтой өрсөлдөхөөр шалгарчээ.
Ч.БОЛОР