Ардчилсан намын ҮЗХ өнгөрсөн баасан гаригт шөнө дөл болтол хуралдаж, шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан. Тус намын УИХ дахь бүлгээс Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бол АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг нэрийг ҮЗХ-нд оруулсан. Тиймээс ҮЗХ-ны хурлаар хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцсан бөгөөд нууц санал хураалтаар 53.6 хувийн саналаар Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэрийг нь АН-аас дэвшүүлэхээр болсон билээ. Ирэх даваа гаригт Шинэ Ерөнхий сайдын асуудлаар А намынхан намуудтай зөвшилцөх юм. Мөн З.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг АН-ын бүлэг дэмжих ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр АН-ынхан шинэ намынхаа даргад хэр захирагдах вэ гэдэг сонирхолтой үйл явдлын үзэгч нь бид байх болно гэсэн үг. Хэдхэн хоногийн өмнө Н.Алтанхуягийг унагахын тулд далд хуйвалдаан зохион байгуулсан "Шонхор"-ын хуучин сайдууд шинэ Засагт орно гэж хөөрчихсөн яваа сурагтай.
Тэгвэл М.Батчимэг гишүүн “Алтанхуяг дарга өчигдрийн "тохироо"-гоо ЕС огцруулах санал хураалтын өмнө хийсэн бол нам хагарахгүй Засаг их донслохгүй байх байлаа” хэмээн жиргэв. Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү “АН-аас Монгол улсын 28 дахь еронхий сайдад 172 саналаас 92 санал авч саналаар Чимэдийн Сайханбилэг нэр дэвшлээ” хэмээн жиргэжээ.
Харин үүний дараа АН-ын ҮЗХ-ны гишүүд “Халуун элгэн” нутгийг дуулсан талаар намын дарга З.Энхболд тун чиг сэтгэл ханамжтайгаар жиргэсэн юм. Түүний хийсэн үйлдлийг зарим улстөрчид буруутгаж байна. Тухайлбал, З.Энхболд Н.Алтанхуягийг засгаас унагахын төлөө Х.Баттулгатай нэгдэж санасанаа гүйцэлдүүлээд авсан. Гэхдээ намын дарга болохын тулд МҮДН болон МоАХ-ыг далаар нь мад тавилаа хэмээн шүүмжилж байна.
Нэг иймэрхүү уран мэхийг З.Энхболд гарамгай хийж, өрсөлдөгчидөө илт давуугаар яллаа. Түүний тоглолтоос хамгийн их гомдолтой хоцорсон хүн бол Х.Баттулга гэж харагсад ч байна. Р.Амаржаргалын хувьд гомдолгүй гэж хэлэхэд бас л хэцүү юм. Өнгөрсөн хугацаад "Чи дараагийн Ерөнхий сайд шүү" гэдэг ойлголтыг мань хүнд намынхан нь өгчихсөн байсан шүү дээ.
Засгийг огцруулахад оролцон кноп дарсан гишүүдийг намаасаа хөөхгүй гэдгээ З.Энхболд хэлсэн ч араас нь өөр арга хэмжээ бийг заналтайгаар сануулав. Тэр нь ирэх жилийн сонгуульд намын нэрээр УИХ-д дэвшүүлэхгүй байх явдал гэдгийг онцолсон билээ. Ингээд "миний нэр байдаггүй шүү дээ" гэгчээр Х.Баттулга АН-д шаансгүй болов оо хөөрхий. Үнэндээ З.Энхболд ба "Шонхор"-ынхон Засгийг огцруулах хуйвалдааныг гардан хийсэн хүмүүс. Гэвч "Шонхор"-ын бусад нь ирээгүй тэр өөрөө Н.Алтанхуягийг огцруулахгүй гэж бусдын нүдэн дээр кноп дарсан болохоор Х.Баттулга барьцах гээд яалтай. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр харуулав. Н.Алтанхуягаас "Шонхор" яаж урвалаа. МоАХ болон МҮДН-ныг баасан гаригт бас яаж мурив. Өнгөрсөн үйл явдлыг багцлан харахад З.Энхболдын хувьд энэ бүхнээс хамгийн кайфтай хоцорч буй оны хүнээр тодорч байна. Гэвч, Н.Алтанхуягийн өнгөрсөн жилүүдийн зовлон төгсч, З.Энхболдын зовлон өнөөдрөөс эхэлж байгаа гээд хэлчихэд буруудахгүй биз. Амбиц ихтэй, хов хор хутгахдаа сайн, урваж шарвахыг жинхэнэ утгаар нь үзүүлж чаддаг АН-ын толгой томтой олон фракциуд түүнийг зүгээр суулгахгүй нь лав. Нэг хүнд удирдуулах дургүй тус намд тэр хэр удирдагч болж чадах эсэхийг ирэх өдрүүд харуулах буй за.
Б.ХУЛАН