Ч.Сайханбилэг: Яамдын бүтцийг ярихад эрт байна

Хуучирсан мэдээ: 2014.11.15-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Яамдын бүтцийг ярихад эрт байна

Ардчилсан нам /АН/-ын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/ өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг дэвшүүлэхээр олонхийн саналаар шийдсэн билээ. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй тэрээр өнөөдөр болсон АН-ын удирдлагуудын хэвлэлийн бага хурлын үеэр дараах асуултад ингэж хариулав.

 

-Ерөнхий сайдаар сонгогдвол ямар чиглэлийг нэн тэргүүнд тавьж ажиллах вэ?


-Ерөнхий сайдаар томилогдсоны дараа ард түмэн болон УИХ-ын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Ерөнхий нэг зүйл бол одоо бидний нүүр тулаад буй эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ гэдэг асуудал шинээр байгуулагдах Засгийн газрын гол чиглэл  болно. Тиймээс парламентад суудалтай улс төрийн бүх намууд намын болон бүлгийн явцуу эрх ашгаа түр орхиж, улс үндэсний нийтлэг эрх ашгийг барьж ажиллах гол зарчим дээр тулж ажиллах хэрэгтэй.


-Шинэчлэлийн засгийн газрын ажлыг цааш үргэжлүүлэх үү?


-Ардчилсан намын 2012 оны мөрийн хөтөлбөрийг 2016 оны сонгууль хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газарт байсан бүхий л сайн ажлууд, тухайлбал томоохон бүтээн байгуулалт, сайд нарын амралтгүй зүтгэдэг ажилсаг чанар шинэ засгийн газарт үргэлжлэн хадгалагдах болно.


-Халаа сэлгээ хир явагдах вэ?


-Аль болох тогтвортой бөгөөд төрийн албаны хуулинд нийцүүлэн ажиллана.


-Яамдын бүтцийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?


-Одоогоор Ерөнхий сайд болоогүй учраас энэ талаар ярихад эрт байна.


-Та нэр дэвшигчийг тодруулах бүлгийн хуралдаанд ямар шалтгаанаар оролцоогүй вэ?


-Бүлгийн хурадаанд ороогүй шалтгаан бол тухайн үед ҮЗХ-ноос бүлэгт бусад улс төрийн суудалтай намуудадтай зөвшилцөх эрх өгсөн болохоос Ерөнхий сайдыг тодруулах эрх өгөөгүй гэсэн маргаан гарсантай холбоотой. Энэ маргаан бүрэн шийдвэрлэгдсэн учраас бүлгийн хуралд оролцсон эсэх нь чухал биш болсон.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж