З.Энхболд: АН-ын бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2014.11.15-нд нийтлэгдсэн

З.Энхболд: АН-ын бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндлэх ёстой

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг  нэр дэвшүүлж, АН-ыг УИХ-ын дарга З.Энхболд удирдахаар болсон. Хурлын шийдвэрийн талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

 

-УИХ-д Ерөнхий сайдын асуудлыг хэзээ оруулах вэ?

-Ирэх даваа гаригт/11.17/ бусад намуудтай зөвшилцөж Ерөнхий сайдыг сонгоход дэмжлэг авах талаарх ажил хийгдэнэ. Түүний дараа намуудтай хамтрах эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн дагуу аль ч нам олонхийн суудал аваагүй учраас хамгийн олон суудал авсан АН Ерөнхий сайдаа дэмжүүлэхээр бусад намуудтай яриа хэлэлцээрээ хийнэ гэсэн үг. Тэгээд ирэх мягмар гаригт/11.18/ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар орууулж батлах болов уу.

-АН-ын бүлэг дээр Ч.Сайханбилэгийг дэмжээгүй. УИХ-д дэмжлэг авах болов уу?

-АН-ын бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндлэх ёстой. ҮЗХ бол нэр дэвшүүлдэг олонхи болсон намын албан ёсны дээд байгууллага юм.

-Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг гишүүдийг бүрдүүлэхдээ мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой гэдэг санал илэрхийлээд байгаа. Энэ удаагийн шинээр байгуулагдах Загсийн газрыг бүтцийг хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхийлөгч энэ үзэл санаагаа сүүлийн хоёр жил илэрхийлж байгаа. Гэхдээ хуулиар энэ бүгд нээлттэй шүү дээ. Өмнөх хоёр ерөнхий сайдыг бид “Ингэж тэгж ажилла, дан, давхар дээлтэй бай” гээд үндсэндээ ажлыг нь нэг утгатай хийлгэж чадаагүй.  Аль болох олон сайдыг гаднаас авч мэргэжлийн Засгийн газрыг бүдүүлбэл сайн байна. Энэ бүх эрх шинээр томилогдох Ерөнхий сайдын эрх бөгөөд үүрэг юм.

-Засгийн газарт намын дарга нар орох уу?

– Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болвол Засгийн газарт нь улс төрийн намуудын дарга нарыг оруулахгүй гэж үзэж байгаа. Учир нь Засийн газар бол гүйцэтгэх засаглалыг шуурхай хэрэгжүүлдэг байгууллага. Тэр дотор олон намын дарга нар оролцоод “Манай нам ингэж үзэж байна” гээд суугаад байж болохгүй юм. Тиймээс одоо байгуулагдах Засгийн газарт намуудын дарга нар орохгүй гэсэн үг.

-Таныг “Шонхор фракцыг  төлөөлж тохироо” хийлээ гэсэн яриа байна.

-Ер нь бол тийм зөрчил байгаагүй. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан нэг хэсэг байсан байх. Фракцууд байна гэхдээ араамандаа байх ёстой. Миний хувьд Шонхор гэдэг фракц бол миний хувьд фрактай яг ижил хэмжээнд очиж байгаа. Мөн би Ардчилсан хүчний ерөнхийлөгч байхаа больсон. Энэ олон фракцууд байна гэдэг бол нам эрүүл байгааг харуулах ёстой. Харин зөрчил үүсгэх ёсгүй. Фракцын дээр нам байна намын дээр төр байна. Тиймээс төрийн ажлаа чухалчлах ёстой. Хэн хэнтэйгээ хэрхэн тохирсон талаар бидний ярих сэдэв биш. Ардчилсан нам анх удаа фракцаа бодолгүй төрийн ажлыг бодож эдийн засгийн хямралтай тэмцэх хүнээ дэмжлээ. ҮЗХ-ны хурал маш эрүүл болсон. Тодруулбал, хоёр нэр дэвшигчээ тайзан дээр суулгаж ҮЗХ-ны гишүүн болгон нэр дэвшигчдээс нэг ижил асуулт асууж гурав гурван минутаар хариулсан. Ингээд 20-иод гишүүн асуух явцад гишүүд итгэл үнэмшилтэй болсон.

-Намын генсек солигдох уу?

-Үгүй.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ямар нэгэн албан тушаал санал болгох уу?

-Н.Алтанхуяг нэг хэсэгтээ УИХ-ын гишүүнээр ажиллах бодолтой байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах кноп дарсан гишүүдэд хариуцлага тооцох уу?

-Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн нийт ард түмний төлөөс санал өгөх үүрэгтэй. Тиймээс бүх намын дүрэмд байгаа намаас гишүүнийг кноп дарсных нь төлөө хөөдөг энэ заалтыг алга болгох ёстой. Намаас хасахаас өөрөөр буюу  дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг аргуудыг хэрэглэнэ.

-Ерөнхий сайдын үүргийг түр орлох эрхийг Д.Тэрбишдагвад өгсөн нь хууль бус гэж мэдээлэгдэж байгаа?

-Огтхон ч хууль зөрчөөгүй.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж