Чингисийн тоонот нутагт боржин чулуун хаалга босгоно

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Чингисийн тоонот нутагт боржин чулуун хаалга босгоно

Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутгийн зөвлөлөөс их хааныхаа тоонотыг хөгжүүлэх аян өрнүүлж эхэлжээ. Дадал сум эзэн хааны тоонот нутаг гэдгээрээ төдийгүй үзэсгэлэнт сайхан байгалиараа хэн бүхний харааг татах увидастай. Гэтэл Их Хааны өлгий нутагт Чингисийн хоёр хөшөөнөөс өөр нүд хужирлах гайхамшиг бараг л үгүй билээ. Тиймээс нутгийн залуус тоонот нутгаа хөгжүүлэхээр шийджээ. Эхний ээлжинд Дадал сум руу орох хэсэгт боржин чулуун хаалга босгох ажээ. Энэхүү хаалга нь 10 метрийн өндөртэй, дөрвөн баганатай, Чингисийн хаалгач баатрын дүр бүхий сүрлэг хаалга байхаар зураг төслийг нь гаргасан байна. Энэхүү сүрлэг цогцолборын талаар Дадал сумын нутгийн зөвлөлийн орлогч дарга, “Тэмүүжиний тоонот” хөгжлийн төлөө сангийн тэргүүн, “Канку” компанийн захирал Б.Гомбогэрэлээс тодрууллаа.

-Чингисийн тоонотод цогцолбор байгуулах санаа хэзээнээс төрсөн бэ? Цогцолбор байгуулахад хэдийн хэрийн хөрөнгө шаардлагатай вэ? Хаанаас хэрхэн яаж шийдэх гэж байна?

-Эзэн Чингис хаан бол манай улсыг дэлхийд таниулсан ганц хүн гэж болно. Дэлхийн хаана ч монголчууд Чингис хаанаараа бахархаж байдаг. Гэтэл эзэн хааныхаа төрсөн нутаг тоонотод очиж үзсэн нь тун цөөн. Гэтэл алс холын орноос манай нутгийг зорин очих хүн цөөнгүй байна. Саяхан л гэхэд Өвөрмонголын нэгэн томоохон албан тушаалтан Дадалд очоод нулимс унагаад буцсан байгаа юм. Тиймээс Эзэн хааны өлгий нутгийг дотоод гадаадад сурталчлахын тулд Дадал сумаа хөгжүүлэх учиртай юм байна. Дадал сумын уугуул хэдэн залуус ингэж шийдээд эхний ээлжинд чулуун хаалганы цогцолбор байгуулахаар шийдсэн юм. “Бодь буян” ХХК-ийн захирал Д.Октябрь, “Цохонт өндөр” ХХК-ийн захирал Т.Батжаргал бид гурав анхны санаачлагыг гаргасан. Энэхүү цогцолбор нь өөр хаана ч байхгүй өндөр хаалга байх юм. Дөрвөн баганын хоёр дээр нь Чингисийн хаалгач баатрын хөшөө, хаалганы орой дээр сар, дэлхийн бөмбөрцөг дээр суусан цагаан шонхрын дүрстэй байх юм. Чулуун хаалга босгоход нийт 100 орчим сая төгрөг шаардлагатай байгаа. Энэ хэмжээний хөрөнгийг цөөн хэдхэн компани гаргах боломжгүй учраас нутгийн зон олны хандив тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байгаа. Хаалганы цогцолбор дээр хандив өргөсөн хүмүүсийн нэрсийг бичиж мөнхөлнө. 

-Хаалганы зураг, төслийг хэн гаргасан юм бол. Хаалгыг хэзээнээс хийж эхлэх вэ?
-Хаалганы зураг төслийг манай нутгийн уугуул, зураач бүсгүй Гарамхандын Мөнхцэцэг гаргасан. Хаалгаа хэдийнээ хийж эхэлсэн. “Бодь буян” компанид чулууг засч янзлаад эхэлчихсэн байгаа. Энэ долоо хоногийн бямба гаригт хаалганы шавыг тавих ёслол болно. Бид хаалгаа зургадугаар сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Бидний хийх ажил ганц энэ хаалгаар зогсохгүй. Цаашид “Монголын нууц товчоо”-нд гардаг есөн цогцолборыг Чингисийн тоонотод байгуулна гэж зорьж байгаа. Добу мэргэний, Алунгуа эх, Өүлэн эхийн, Тамгын чулууны, Хоёр загалын төрсөн нутаг Сантхаан уулын хөшөө зэргийг цогцолбор болгон байгуулна. Удахгүй улсын төсвөөр Дадал сум руу засмал зам тавина. Засгийн газраас ч Дадал орчмыг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс бидний санал санаачлагыг дэмжих хүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Чингис хааныг брэнд болгон ашиглаж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ч бидэнд тусална гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Дадал сумын нутагт социализмын үеэс Чингисийн хөшөө босгосон байдаг. Тухайн үед их хааны хөшөө босгох нь бүү хэл дурсахыг ч бараг хориглодог байсан. Хөшөө босгох санаачлагыг хаанаас гаргасан юм бол?

-Тэр их сонин түүхтэй. Хөшөөг анх санаачилсан хүн нь С.Төмөр-Очир гуай юм билээ. Чингис хааны дүрийг чулуун дээр сийлэн хөшөө босгосны дараа намын төв хорооноос буулгах шийдвэр гаргасан гэдэг. Гэтэл нутгийн зон олон буулгаагүй хэрнээ буулгасан гэж худал мэдээлээд эзэн хааныхаа хөшөөг авч үлдсэн гэдэг.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж