Өчигдөр шөнө болтол хуралдсан АН-ын ҮЗХ-ноос Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг олонхийн саналаар дэвшүүлж, АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр намын даргаасаа чөлөөлөгдөн, түүний оронд УИХ-ын дарга З.Энхболд АН-ыг удирдахаар болсон.
Харин өнөөдөр АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэг, АН-ын генсек Ц.Оюундарь нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Ирэх даваа гаригт АН-ын бүлэг болон бусад намуудын бүлэгт Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг танилцуулж, зөвшилцөнө. Ингээд байнгын хороо, УИХ-ын чуулганаар мягмар гаригт оруулна” гэв.
Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг УИХ-аар дэмжигдээд Ерөнхий сайд болсон тохиолдолд эдийн засгийн хямралаас гарахад анхаарч ажиллана хэмээн мэдэгдэв. Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг зохион байгуулахдаа Төрийн албаны хуулийг мөрдөж, аль болох тогтвортой байлгана гэдгийг тэрбээр онцоллоо.
Одоогийн байдлаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох эсэх нь эцэслэн шийдэгдээгүй асуудал учраас мөрийн хөтөлбөр, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар ярихад эрт байгааг тэр мөн хэлэв. Хэрэв УИХ-аар түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудал дэмжигдвэл ямар бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах, ямар бодлого баримтлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
С.ОТГОН